Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

Шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн 25 жилийн хугацаанд хийсэн ажлыг дүгнэх, цаашдын төлөвлөгөөгөө боловсруулах зорилгоор гишүүн орнууддаа ажиллаж буйг Мантас Адоменас уулзалтын эхэнд тэмдэглэсэн юм.
Тэрбээр сонгуулийн үеийн худал мэдээллээс сэргийлэх, төөрөлдүүлсэн ташаа мэдээлэлд автахгүй, баримт нягтлан шалгах боловсролыг сонгогчдод олгох чиглэлээр гишүүн орнуудын сонгуулийн байгууллагатай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа онцоллоо. Энэ хүрээнд Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Ардчилсан институт, хүний эрхийн албатай хамтран ажиллаж байгаагаа дурьдлаа. Мөн ардчилсан сонгууль зохион байгуулах, хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа шинэчлэлээс гишүүн орнууд харилцан туршлага солилцох, суралцахад дэмжихэд бэлэн байгааг илэрхийлсэн юм.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран ардчилсан сонгуулийг хөгжүүлэх, бэхжлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлээд “Ардчилсан сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд багагүй дэвшил гарч байгаа, сайн туршлага ч их. Гэхдээ ардчилсан сонгуулийн төлөөх олон улсын байгууллагатай идэвхтэй хамтран ажиллах хэрэгцээ шаардлага үргэлж байдаг. Тухайлбал, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох чиглэлээр олон улсын байгууллагатай хамтран ажиллах зайлшгүй шаардлага байна” гэлээ.
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мантас Адоменас “Монгол Улсын хувьд тулгарч буй бэрхшээл бүрийг хууль эрх зүй болон зохион байгуулалтын түвшинд амжилттай даван туулж байгаа нь бусад улсад сайн туршлага болж, ардчилсан сонгуулийг хөгжүүлэх, бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байдаг. Сонгуулийн төв байгууллага бол ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх, хамгаалахад хамгийн чухал үүрэгтэй институт юм” гээд Сонгуулийн ерөнхий хороотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Сэтгэгдэл үлдээх