“Атар IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы технологийн 7 хоног үргэлжилж байна

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атар IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн салбарт шинэ инновац, техник технологи нэвтрүүлэх “Технологийн 7 хоног”-ийг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд тосны ургамал, эрдэнэ шиш, шар буурцаг зэрэг сэлгээний таримал тариалах технологи, тогтвортой ургац авах технологийн сургалтад тариалан эрхлэгчдийг хамруулж, үр тарианы сэлгээний байдал, ХХААХҮ-наас баримталж буй бодлого, дэвшүүлсэн зорилт, газар тариалангийн үйлдвэрлэл, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг мэдээллээ. Мөн, газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийн зөвлөмж гаргах захиалгат ажлын үр дүнг өчигдөр хэлэлцэж, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний чанар тариалалтын технологийг боловсронгуй болгох эрдэмтдийн зөвлөмжийг хүлээн авлаа.
Түүнчлэн, тэжээлийн олон наст ургамал тариалах технологи, үрийн аж ахуй, эдийн засгийн ач холбогдол уулзалт хэлэлцүүлгийг энэ сарын 20-нд, махны үхрийн аж ахуйн амжилтын үндэс баталгаат чанартай тэжээл үйлдвэрлэл, тариалах, хураах, хадгалах технологи сургалтыг 24-нд, сүүний үхрийн аж ахуйн амжилтын үндэс баталгаатай чанартай тэжээл үйлдвэрлэл, тариалах, хураах, хадгалах технологийн сургалт, холимог тариалангийн туршлага уулзалтыг 25-нд, ургамал хамгааллын газрын нээлт, Ургамал хамгааллын хууль, байгальд ээлтэй, ургамал хамгааллын танилцуулгыг 26-нд, үр тарианы үйлдвэрлэл, хөрсний үржил шим, элэгдэл эвдрэлээс хамгаалах технологийн сургалт, жимс жимсгэнэ, хүлэмжийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн, төмс хүнсний ногооны технологи, цахим системийн ашиглалт сургалт, механикжуулалт, усалгаа ухаалаг тариалангийн өдөрлөгийг 27-нд, “Aтар IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хөдөө аж ахуйн үйлдвэр эрхлэгчдийн улсын зөвлөгөөн, үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа, салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 28-ны өдөр зохион байгуулах юм.
Сэтгэгдэл үлдээх