Баянгол дүүргийн гэр хорооллын өрхийн 20-30 хувийг төвлөрсөн усан хангамжийн системд холбоно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн 1-р үе шатны ажлын хүрээнд Улаанбаатар хотын Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх шугам хоолой, Тасганы усан сангаас 3,4-р хорооллын усан сан хүртэлх цэвэр, бохир усны шугам хоолойн угсралтын ажлыг 2018 оноос хэрэгжүүлж байгаа. Цэвэр усны шугам 12 км, бохир усны 1.6 км шугамын угсралтын ажил 45 хувийн гүйцэтгэлтэй байна. Баянгол дүүргийн гэр хорооллын өрхийн 20-30 хувийг төвлөрсөн усан хангамжийн системд холбох нөхцөл бүрдэнэ.
Европын хөрөнгө оруулалтын банкны 17 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар /25 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан 12.08 км цэвэр усны шугам, 1.7 км ариутгах татуургын шугам хоолойн барилга угсралтын төсөл 2018-2021 онд хэрэгжих бөгөөд барилга угсралтын ажил 70 хувийн явцтай байна. Төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийг цэвэр усаар хангах 5.8 км ус дамжуулах шугам, хоногт 1000 шоо метр цэвэр ус хуримтлуулах хүчин чадалтай усан сан, хоёр насос станц бүхий УСАН САН 2020 онд ашиглалтад оржээ. Усан сан нь ус хангамжийн эх үүсвэр нь төвлөрсөн системээс 3,4-р хорооллын эцэст байрлах усан сангийн насос станцаар дамжуулан усаа хуримтлуулж, Баянхошуу дэд төв доторх 5.1 км усан хангамжийн шугам хоолойгоор дамжуулан барилга байгууламжийг цэвэр усаар хангана. Баянхошуу дэд төв орчим байрлах 3466 өрхийн 13163 иргэнийг ундны усаар хангагдах боломжийг бүрдүүлсэн ач холбогдол бүхий төсөл юм.
Сэтгэгдэл үлдээх