Цэс Close

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сард Франц улсад төрийн айлчлал хийнэ

Энэ жил Франц-Хятад улсуудын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа юм. Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд өнгөрөгч 2023 оны дөрөвдүгээр сард Францын Ерөнхийлөгч Макрон Хятадын нийслэл Бээжин болон худалдаа эдийн засаг үйлдвэрлэлийн төв Гуанжоуд айлчилсан юм.

Тэгвэл БНХАУ-ын дарга Ши Жиньпин тавдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Франц улсад төрийн хэмжээний айлчлал хийх гэж байна. Тэрээр Франц улсад айлчилсныхаа дараа 8-10-ны өдрүүдэд төв Европын Унгар улсад айлчилна гэдгийг Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Лин Жиан мэдэгдлээ. Хятадын дарга коронавируст цар тахал дэлхий дахинд гарснаас хойш анх удаа Европын орнуудад хөл тавих гэж байгаагаар энэ удаагийн айлчлал онцлог болж байна.

Ши Жиньпиний айлчлалын хүрээнд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон түүнийг хүлээж авч уулзана. Хоёр улсын төрийн тэргүүнүүд Украины дайн, Ойрхи Дорнодын хямрал, цаг уурын хямрал болон худалдаа зэрэг олон улсыг хамарсан асуудлуудын талаар хэлэлцэнэ гэж Парис мэдээлсэн байна.

Ши Жиньпиний энэ удаагийн айлчлалаар олон улсыг хамарсан асуудлуудаас гадна шинжлэх ухаан, худалдаа, соёл, спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр хоёр орон санал бодлоо солилцоно гэжээ.

Украин-Оросын дайнд Парис Украиныг дэмжиж байгаа бол Бээжин аль ч талыг баримтлаагүй явсаар ирсэн. Гэхдээ өрнөдийнхөн Хятадыг Орос улсыг зэвсэгжүүлж байгаад дургүйцлээ илэрхийлэн шүүмжилсээр байгаа юм.

Хятадын дарга Францын нийслэл Парист төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзсаныхаа дараа Францын баруун өмнөд нутгийн Өндөрлөг-Пиреней мужид зочлохоор төлөвлөж байна.

Унгар улсын хувьд 9.6 сая хүн амтай, хэдий Европын том улсуудын тоонд ордоггүй ч ойрын жилүүдэд Хятадын санхүүжилт, хөрөнгө оруулалттай төслүүдийг олноор нь хэрэгжүүлж байна. Тэр дундаа зай хураагуур, цахилгаан автомашин зэрэг технологийн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлсээр байна. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан 2010 онд Засгийн газрын тэргүүний ажлыг авснаасаа хойш зүүн зүгт нээлттэй гадаад бодлогыг хэрэгжүүлснээр Хятад, Орос, Азийн бусад орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээж хөгжүүлж чадсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах