Цэс Close

Б.Жавхлан: Дональд Трампын татварын шинэ бодлого эдийн засгийн хүндрэл, сорилтын дохио болж байна

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг салбарын сайд нар мэдээллээ.

Сангийн сайд Б.Жавхлан: Энэ сарын 7-ны байдлаар, гадаад валютын нөөц 5 тэрбум ам.доллар буюу өмнөх долоо хоногийн түвшинд хадгалагдаж байна. Монгол Улсын экспорт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 9 хувиар өсөж, 237 сая ам.долларт хүрсэн. Үүнд зэсийн баяжмалын экспорт, ялангуяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт өмнөх долоо хоногоос 19 сая ам.доллараар нэмэгдсэн нь нөлөөлсөн.

Ажлын хэсгээс цаашид авч хэрэгжүүлэх зарим ажлуудын талаар тус хуралдаанд танилцуулж, экспортын бүтээгдэхүүний өртгийг бууруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ашигт малтмалын экспортод тулгарч буй тээвэрлэлт, агуулах, биржийн арилжаанд үүсээд буй хүндрэл зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа хэллээ.

Мөн нүүрсний уурхай эзэмшигч дотоодын хөрөнгө оруулагч нараас өртгийг бууруулах, тээврийн зардал, НӨАТ, АМНАТ-ыг тооцох эх үүсвэрийг эргэж харахыг удаа дараа хүсэж байгаа. Үүнийг судлаад эргэж танилцуулах үүрэг авлаа.

Гашуунсухайт-Ганцмод, Ханги, Шивээхүрэн гэсэн гурван боомтоор гол экспортууд явж байгаа. Үүн дээр Булган, Бичигт орно. Боомт бүрт нөхцөл байдал өөр, өөр байна. Гашуунсухайт- Ганц мод боомт бол биржээс 100 хувь хамааралтай. Тэгэхээр биржээр арилжаа олигтой нэмэгдэхгүй байна. Боомтууд дээр овоорсон овоолгоос шалтгаалж байна. Өмнө нь нүүрс худалдан авсан худалдан авагч нар алдагдалд орж, нүүрсний үнэ унаснаас үүдэж цаашаа дахин гаргах боломжгүй байдалтай байгаа. Энэ нөхцөл байдлыг арилгахаар бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Боомтууд дээр дотоодын хөрөнгө оруулагч нар эзэмшдэг нүүрсний уурхай нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд цаашид өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ингэхийн тулд НӨАТ, АМНАТ-тай холбоотой  өртгийг  бууруулах тал дээр анхаарахыг хүсч байгаа.

Орон нутаг, ялангуяа говийн аймгуудад экспортын замуудыг зогсоох шийдвэрийг гаргаад байгаа. Энэ нь  экспортод нөлөөлж байна. Биетээр экспортолж чадахгүй, хориг үүссэн овоолгууд байна. Өөрөөр хэлбэл, 30-60 сая төгрөгийн экспортын овоолгууд түгжигдсэн үйлдвэрүүд байна. Уг асуудлыг мөн шалгаж, шийдвэрлэнэ гэж хэллээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп татварын шинэ бодлогоо танилцуулсан. Үүний хариуд Хятадын талаас хариу 34 хувийн татварыг АНУ-ын бараанд ногдуулаад байгаа юм. Олон улсын энэ харилцаа манай улсын эдийн засагт нөлөөлнө. Манай улсад төдийгүй дэлхий нийтэд эдийн засгийн хүндрэл, сорилт авчрах дохио гэж ойлгож болно гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах