Ван Тао: Монгол орны газрын доройтол, цөлжилтийн шалтгаан нь цаг уурын өөрчлөлт болон уул уурхайн ашиглалт, малын тоо толгой хэт өссөн зэрэг хүчин зүйлс байна

Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс хоёр жил тутамд зохион байгуулдаг “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи-2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэхүү хурал нь 2017 оноос хойш болж буй бөгөөд энэ удаа ОХУ, БНХАУ, АНУ, Герман, Япон, Норвег, Швейцар, Тайвань, Турк улс болон олон улсын донор байгууллагаас 130 гаруй эрдэмтэн, судлаач, төлөөлөгч хүрэлцэн ирж оролцож байна. Мөн дотоодын 80 гаруй эрдэмтэн, судлаач, зочин, төлөөлөгч оролцож байгаа юм. Хуралд 80 аман илтгэл, 57 постер илтгэл хэлэлцэх бөгөөд дотоод, гадаадын 140 орчим эрдэмтэн, судлаач эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнгээ танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Хурлын үеэр ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн “Монгол Улс дахь газрын доройтол болон байгалийн нөөцийн хомсдолын шалтгаанууд” сэдэвт илтгэл болон Хятадын Шинжлэх ухааны академийн Эко орчин ба нөөцийн баруун хойд хүрээлэнгийн доктор Ван Тао “Уур амьсгалын өөрчлөлт ба Хятадын хуурай бүсэд салхины улмаас үүсэж буй цөлжилт болон ногоон бүс үүсгэх усны менежмент” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн юм.
Хятадын Шинжлэх ухааны академийн Эко орчин ба нөөцийн баруун хойд хүрээлэнгийн доктор Ван Тао "Монгол Улс газар нутгийн доройтлын аюул нүүрлээд буй дэлхийн орнуудын нэг. Монгол орны газар нутгийн 76.9 ахувь нь ямар нэгэн хэмжээгээр цөлжилтөд өртсөн байна. Монгол орны газрын доройтол, цөлжилтийн шалтгаан нь цаг уурын өөрчлөлт болон уул уурхайн ашиглалт, малын тоо толгой хэт өссөн зэрэг хүчин зүйлс байна. Монгол Улсын эдийн засаг уул уурхай болон бусад байгалийн нөөцөөс ихээхэн хамааралтай. Байгалийн нөөц, түүний бүрэлдэхүүн хэсгүүд нь монголын хөгжлийн төлөвлөгөөний бүх үе шатанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт газар тариалан дотоодын нийт бүтээгдэхүүний 3-5 хувь, мал аж ахуй 12-15 хувийг эзэлдэг. Газрын доройтол ба байгалийн нөөцийн хомсдол нь Монгол Улсын ирээдүйд заналхийлж буй ноцтой асуудал бөгөөд үүнийг даван туулахын тулд зөвхөн төрийн байгууллага төдийгүй иргэн бүрийн оролцоо шаардлагатай байна" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх