Цэс Close

"Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ"

АТГ нүүрсний гэх хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг яллагдагчаар татаж, ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн. Хуулийн дагуу асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэнэ. Хамгийн эхлээд Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэх хуулийн зохицуулалттай. Тус дэд хороо өнөөдөр хуралдлаа. Дэд хорооноос гаргасан шийдвэрийн талаар тус дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргил мэдээлэл хийлээ.

Тэрээр "Ерөнхий прокурорын оруулж ирсэн саналыг хэлэлцлээ. Гурван гишүүн, ерөнхий прокуророос асуулт асууж, хариулт авлаа. Ингээд гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх ерөнхий прокурорын саналыг хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэрийг Халдашгүй байдлын дэд хорооноос гаргалаа. Дэд хорооны гишүүд санал нэгтэйгээр энэ шийдвэрийг гаргасан. Энэ бол гурван гишүүнийг буруутай эсэхийг тогтоож байгаа асуудал биш. Хууль хяналтын байгууллага ажлаа түргэн шуурхай хийх боломжийг хангаж байгаа юм.  Хоёрдугаарт, мөрлөн шалгах ажиллагааг түргэн шуурхай  явуулж гэм буруутай гэж үзвэл шүүхэд шилжүүлэх, гэм буруугүй нь тогтоогдвол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг сэргээх саналыг түргэн хугацаанд оруулж ирээч гэсэн зөвлөмжийг ерөнхий прокурорт өглөө" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах