Цэс Close

Г.Мэнд-Ооёо: ШАРАВЫН "НУУЦ ТОВЧОО"

Удахгүй тохиох суу билигт хөгжмийн зохиолч Б.Шаравын төрсөн өдөр тохиох гэж байгаа тултүүний " Хоёр дугаар симфони"- д зориулсан нийтлэлээ толилуулав.

Эгэлийн сонор үл анирлах чинадад эх түүх, өв соёл нь яруу дуурьсахуй байдлаар оршиж байдаг бололтой. Түүхийн бүдгэрсэн жимээр аялгуус хөлөглөн өгсөж, язгуур дээдсийн зүрхний лугшилтыг мэдрэн бариад, он жилүүдийн холдож алсарсан холхиос өөрийн цаг үе рүү өртөөлөн авч ирэх далдын билиг билгүүн чухам хөгжмийн соёлд цогцолдог аж. Тэрхүү гүн алсад цаг хугацаагаар тусгаарлагдавч, эх нутгийн уул ус, өвгөдийн домог хууч болон эх хэл соёлд үлдсэн, бас дууны нугалаа, морин хуурын хос чавхдасанд хадгалагдсан, аян нүүдэл зан заншил монгол ахуйгаар дамжсан тэрхүү их хөлгөн бичвэрийг хөгжмийн томоохон туурвилд цогцлоож дуун өгүүлэх нь үнэнхүү гайхамшиг.

Бямбасүрэнгийн Шаравын "Хоёрдугаар симфони" гучин жилийн дараа Монголынхоо тайзнаа дуурьсахыг сонсов. Бүүр, хөгжмийн зохиолч андтай зэрэгцэн суугаад шүү. Ховор агшин, үл мартагдах торгон мэдрэмж.

Эзэн Чингис хааны төрж бойжсон Хэнтий ханы цэнхэр уулс хоймор түшлэг мэт дүнхийж, өмнөд хормойг нь эмжээрлэн, их түүхийн Сэнгүр горхин хэмээгч эдүгээн Цэнхэрийн гол, Хэрлэн мөрний намуун урсгалаар дорно зүгт их тал уужимсан хаяа тэлнэ.

Хөлгөн түүхийн чинадаас Өндөр өвгөдийн өмбүүл гэрүүд, нар салхинд борлож булчин шөрмөс зангирсан идэр эрсийн ааг омог дүүрэн уухайлах дуун, од эрхэсийн зүгээс чивчрэн гялбалзах сансрын эрчим, шандаст хүлэг морьдын төвөргөөн, хэд гурваар, хэсэг бүлгээр хангирсан нүүдэллэж, хүрээлэн буух дүрслэл сэтгэл дотор тод томруунаар хөвөрнө. Уул усны ой санамж чинадын аялгуугаар мөшөөн сэрж, морин хуурын чавхдас гоцлох хөгжмийн найралаар алсарч бүдгэрсэн он жилүүдийг туулан гол мөрөн мэт зүрх сэтгэл рүү цутгана.

Монгол үндэстэн нэгэн их цаг дор од эрхэсийн хийгээд газар дэлхийн эрчим долгионы солбицол дунд оршиж улмаар хүчирхэг их удирдагч Чингис хаан цолгорон овог аймгуудаа нэгтгэн хурааж, хөлгөн түүхийн өндөрлөгт цойлон гарсаныг судар шастир үлгэр домогт эши өгүүлнэ. Гэвч түүхийн үнэн, он цаг алсрах тусам бүдэгшиж элдэв сайн муу чимэг хачир хожмын сурталд гуйваж дайвсан байх нь буй. Хөгжмөөр дуун өгүүлэх түүх бичлэг гэж байдаг ажгуу. ШАРАВЫН "ХОЁРДУГААР СИМФОНИ" БОЛ ЧУХАМ АЯЛГУУГААР ӨГҮҮЛСЭН МОНГОЛЫН ТҮҮХ БОЛОЙ.

Түүх өөрийн зөн совинг ямагт ирээдүй рүү илгээж байдаг. Харин түүнийг хөгжим хийгээд яруу найргийн оюун санааны дээд мандалд тогтоон барих боломжтой. Энэхүү арвандолдугаар жарны бумбын эринд эрхшээгдэх цаг дор Их Монгол Улсын голомт болсон Хан Хэнтий нутагт төрж өссөн, нүүдэлч малчны хөвгүүн, их өвгөдийнхөө ой дурдатгалыг хөгжмийн уран бүтээлийн том соёл дор гүн гүнзгий утга төгс эгшиг яруу илэрхийлжээ. Эр бяр жагссан 33-тайдаа цогцлоосон эл бүтээл нь 1988 онд Дэлхийн хөгжмийн сонгодогуудын чуулсан Санкт-Петербургийн тайзнаа эгшиглэж, улмаар Бүх Оросын симфони найрал хөгжим, найрал дуучидтай хөгжимдөн дуулж бичүүлсэн нь хүн төрөлхтний хөгжмийн соёлын өв болон дуурьжээ.

Монгол түмний хүчирхэг чанар, сэтгэлгээний эр бяр, эвсэн найрсахуй, нэгдэл нягтрал, байгальтайгаа нэгдмэл цул өгөгдөхүүн, энэрэн нигүүлсэхүй, ялан дийлэхүйн ид хавыг аялгуугаар илэрхийлэх энэхүү гайхамшигт хөгжмийн ховс шидэнд гүн уусаж, үе үе шаагих алга ташилтын хөөрөлд огшиж суух өчүүхэн чөлөөнд зэрэгцэж суусан хөгжмийн зохиолчоо анзаарваас, тэр өөрөө он жилүүдийн тэртээх дуурьсахуйд бүрэн шингэн ууссан бололтой тайзыг зүрх сэтгэлээрээ эзэгнэж, тэргүүнээрээ "удирдаж" сууна. Шарав бол чухамхүү Хэнтий ханыг ардаа түшиж, Хэрлэнгийн хөндийг өлмийдөө жийж, Дорнын хээр талд хараа сонороо бэлчээхээр найман зууны тэртээгээс энэ нутагт илгээгдсэн аялгуун-элч мэт санагднам.

Хүмүүн төрсөн нутаг, өссөн ахуй, нөлөөлсөн соёлын орчинтойгоо шүтэн барилдаж, удмын сангаар тэтгэгдэн, од эрхэсээс эрчимжиж, ардынхаа аялгуугаар хөглөгдөж жинхэнэ уран бүтээлч болж төлөвшдөг бөлгөө.

Шарав бол хээр талаар хөл нүцгэн хурга, тугалаа хариулж, хурдан морь унан гийнгоолж, аян нүүдэлд агсагдаж, адуу малын захад хүн хөлөг болсон хөдөөний хүүхэд. Нүүдэлчин язгууртай уран бүтээлч ээ. Байгалиас өгөгдсөн нуугдмал билиг авъяас нь уртын дуу морин хуурын аялгуугаар өдөөгдөж, өрнө дахины сонгодог хөгжмийн боловсролоор тэжээгдэн, өнөөгийн дэлхий дахины нэртэй уран бүтээлч болж өсөн дэвжсэний уг язгуур нь Монгол нутаг, нүүдэлчин соёл буй заа.

Уулс цэнхэр өнгөний дагнаасаар давхарлан, хөндий тал нов ногооноор дуниартаж, тэнгэрт наран алтран, үүлс улбартаж, хээр талын цагаан дэрс цайдам даган намилзах нь түүний анхны ноот байсан буй заа. Нүүдэлчин Монголчуудын цогцлоон хойч үедээ өвлүүлсэн язгуур соёл, хөлгөн түүх бол эдүгээн их туурвилынх нь эх юм. Эх нутгийн эгэл бус өнгө аялгуунд найрсах, "Хэрлэнгийн барьяа" дууны их аялгуу хожим нь "Хэрлэнгийн домог" хэмээх алдарт бүтээлийг нь төрүүлж, монгол уртын дууны гүн ухаан "Замбуутивын наран" суут аялгуу болж, их түүхээсээ шинэ цаг руу замнасан хөг хэмнэл нь "Сэрсэн тал" болж дуурьссан байж таарна. Түүний бүтээлүүд Юнескогийн их санд бүртгэгдэж, дэлхийн хөл бөмбөгийн тэмцээнийг нээж, Нобелийн шагнал гардуулах ёслолын танхимд, түүнчлэн дэлхийн алтан тайзнуудад хүмүүн төрөлхтний зүрх сэтгэлийн огторгуйд эгшиглэдэг билээ.

Арав шахам жилийн өмнө Шарав бид дэлхийд алдартай Стеэйнфордын их сургуулийн урилгаар очиж тус сургуулийн симфони найрал хөгжим түүний "Зуурдын орон" бүтээлийг дуурсгахад бас л ингээд зэрэгцэн сууж байсан билээ. Үерийн ус шиг шаагих алга ташилт нэгэн мөч үл тасалдан үргэлжлэхэд эрхэм нөхрийн бүтээл дэлхийн соёлын цараанд, бүр хойморт нь буйг үзээд бахдаж суусан билээ.

Шаравын "Хоёрдугаар симфони"-ийг дэлхийн хөгжмийн ертөнцөд Бетховений "Есдүгээр симфони"-той зэрэгцүүлж үздэг бол, хөгжмийн алдарт удирдаач Валерий Гергиев "Тэнгэрийн симфони" гэж нэрлэсэн байдаг бөгөөд Америк, Японы зураачид "Тэнгэрийн аялгуу" бүтээлүүдээ түүнд зориулан зурсан тухай сонсож байлаа.

ШАРАВЫН "ХОЁР ДУГААР СИМФОНИ" ИЙГ БИД АЯЛГУУГААР БИЧСЭН " МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО" хэмээхүй.

Одот тэнгэр орчих, орчлон дэлхийн үй түмэн явдлын дунд түүхийн хүрд эргэж, тэнгэр газрын дунд хүмүүний ертөнцийн аугаа их хүч тэнхээ, билиг авьяас, эрдэм оюун цогцлохыг хөгжмийн их найрал, дуу хоолойн цараагаар сэтгэл зүрх тосон авсаар үл төгсөн үргэлжилнэм.

Г.Мэнд- Ооёо " ЦАГААН МАНАН ГЭГЭЭН ГУНИГ" 2020. УБ. 101-105 дахь тал

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах