Цэс Close

Дээд шүүхээс П.Батчулуун эмчийг цагаатгажээ

Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний цус, эс, эд эрхтнийг хууль бусаар авах гэмт хэрэгт буруутган шүүхээс ял оноосон.

Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хэргийг өнөөдөр дахин хэлэлцэж, П.Батчулууныг цагаатгах шийдвэр гаргажээ.

Шүүхийн шийдвэр:

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар П.Батчулуунд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Батчулууныг хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн магадлалаар шүүгдэгч П.Батчулуунд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Батчулуунд холбогдох хэргийг хянан хэлэлцээд хоёр шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг зөв тогтоосон атлаа эрх зүйн дүгнэлтийг хийхдээ алдаа гаргасан гэж үзэж, түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэлээ.
Тухайлбал, П.Батчулуун зөвшөөрлийн журмыг зохих ёсоор баримтлахгүйгээр амьгүй донороос эрхтнийг авсан нь тогтоогдсон боловч ашгийг хичээх, ялгаварлах гэх зэрэг гэмт санаа сэдлийг агуулж үйлдээгүй тул Эрүүгийн бус харин Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулж, хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж үзсэн байна.

Эргэн сануулахад, иргэн Б 2023 оны наймдугаар сарын 6-ны өдөр “Тоёота” маркийн тээврийг хэрэгслийг жолоодон явах үедээ явган зорчигч А-г мөргөсөн. Иргэн А Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2023 оны наймдугаар сарын 8-ны өдөр нас баржээ. Амь хохирогч тархины үхэлтэй болсон нь тогтоогдсон тул ар гэрийнхэн нь түүнийг амьгүй донор болгохыг зөвшөөрсөн байна.

“Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас”-т “А нь тархины эргэшгүй өөрчлөлт орсны улмаас ГССҮТ эмнэлэгт нас барсан тул түүний элэг, бөөр, шөрмөсийг бусдын амь насыг аврах, эрүүл мэндийг сайжруулах донорын буянт үйлсэд зориулан хандивлахыг зөвшөөрсөн болно” гэж бичжээ.

Гэвч элэг, бөөр, шөрмөснөөс бусад эрхтнийг (тойгийн яс, шаант, ясны бурзан, дунд чөмгийн доод булуу, борвины шандас гэх мэт) зөвшөөрөлгүй авсан гэх асуудлыг 2023 оны есдүгээр сард ар гэрийнхэн нь хөндсөнөөр хэргийг шалгаж, анхан шатны шүүхээс Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг буруутай гэж үзэн ял оноосон.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах