Цэс Close

Ерөнхий шүүгч тэргүүтэй төлөөлөгчид Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Батцэрэн, Д.Батбаатар, Н.Баярмаа, Тамгын газрын дарга С.Заяадэлгэр нар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн үйл ажиллагаатай 2025 оны 01 сарын 23-ны өдөр танилцлаа.

Тус шүүхийн хувьд энэ оны 01 сарын 1-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба иргэдийн шүүхэд хандах боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ шүүхээр үйлчлүүлэх санхүүгийн зардлыг бууруулах, нөгөө талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохистой хуваарилалтыг буй болгох, процессын хугацааг богиносгох зэрэг шүүхийн практикт олон талын эерэг өөрчлөлтийг авчрах зорилготой байгуулагдсан шүүх юм.

Тэгвэл дээрх зорилго хөрсөн дээр хэрхэн хэрэгжиж буй, шинээр эмхлэн байгуулагдаж буй шүүхийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх гарц, тус шүүхэд танхим байгуулах болон хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахтай холбоотой санал хүсэлтийг сонсоход өнөөдрийн үйл ажиллагааны зорилго оршиж буйг Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг онцолсон юм.

Тэрбээр “Улсын дээд шүүхэд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс танхим байгуулах хүсэлтээ ирүүлсэн. Цаашид тус шүүхийн үйл ажиллагаа үр дүнтэй, иргэдэд хүртээмжтэй хүрч үйлчлэхэд бодлого чиглэгдэх ёстой бөгөөд шаардлагатай дэмжлэгүүдийг үзүүлнэ. Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах замаар шударга ёсыг тогтоох, шүүн таслах ажиллагааны хугацааг богиносгож, хэрэг шийдвэрлэх процессыг түргэн шуурхай болгох, ил тод нээлттэй шүүхийг төлөвшүүлэхэд бидний зорилго нэгдэх учиртай. Иймээс тус шүүхийн 41 шүүгч нэгэн зүгт харж, эв эеийг эрхэмлэн ажлын ачаалал, тулгамдаж буй асуудлаа зөв зохион байгуулж, хамтдаа даван туулах шаардлагатай. Үүний ард иргэдийн эрх ашиг, шүүхийн хүртээмжтэй үйлчилгээ оршиж буйг санах хэрэгтэй” гэв.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн хувьд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны байдлаар нийтдээ иргэний хэрэг 5009, эрүүгийн хэрэг 38, зөрчлийн хэрэг 2611, таслан сэргийлэх арга хэмжээний санал 179-ийг хүлээн авснаас 1704 хэргийг шийдвэрлээд байгаа аж.

Үйл ажиллагааны төгсгөлд тус шүүх дээр тухайн үед ирсэн иргэд, өмгөөлөгч, цагдаагийн албан хаагч нарын төлөөлөлтэй уулзаж, санал, сэтгэгдлийг нь сонслоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах