Заасан хугацаанд вакцин хийлгээгүй эмч нарыг ажлаас нь халхаар болжээ
Канадад вакцин хийлгэхээс татгалзсан 5500 гаруй эмч ажилгүй болох эрсдэлд оржээ.
Канадын баруун нутгийн Британийн Колумб мужийн Эрүүл мэндийн газрын дарга Эдриана Диксийн мэдээлж байгаагаар тус мужийн 130 мянга орчим эмнэлгийн ажилтны 96 хувь нь вакцины бүрэн тунг хийлгэсэн боловч 5512 эмч одоог хүртэл вакцин хийлгэхгүй хэмээн татгалзсаар байгаа аж. Эрх баригчдын шийдвэрийн дагуу эдгээр хүмүүс аравдугаар сарын 26-ны дотор вакцин хийлгэх ёстой бөгөөд эс бөгөөс цалингүй ажлаасаа халагдах юм байна.
Өмнө нь тус улсын Квебек мужид 9000 сувилагч, асрагчийг оруулаад 15 мянга орчим эмнэлгийн ажилтан вакцин хийлгэхээс татгалзсаны улмаас ажлаасаа халагдаж магадгүй байгаа талаар мөн мэдээлж байсан. Тэд энэ сарын 15-ны дотор вакцин хийлгэх ёстой байсан ч вакцинд хамрагдах эцсийн хугацааг эрх баригчид ирэх арваннэгдүгээр сарын 15 болгож хойшлуулжээ. Учир нь нэг дор ийм олон тооны эмч нарыг халах нь мэргэжилтнүүдийн хурц хомсдолд ороод байгаа бүс нутгийн эрүүл мэндийн тогтолцоо бүхэлдээ нурахад хүргэж болзошгүй гэж зарим шинжээч үзэж байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх