Засгийн газар “Дубайн гэрээ”-г цуцалбал Монгол Улс алдагдал хүлээж, өрөнд орж болзошгүй
Монгол Улсын Засгийн газраас өчигдөр орой Оюу толгойгоос хүртэх үр ашгийг нэмэгдүүлэхгүй бол үйл ажиллагааг зогсоох болно гэдгийг "Рио Тинто" компани болон бусад хөрөнгө оруулагчдад мэдэгдсэн байна. Тодруулбал, "Рио Тинто" болон Канадын "Туркойз хилл ресурс" компанид холбогдох гэрээнүүдийг засаж сайжруулахгүй бол Монголын Засгийн газар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд гэрээг цуцлах болно хэмээн анхааруулжээ. Өөрөөр хэлбэл Оюутолгойг тойрсон улс төрийн тоглолт хэрээс хэтэрч тус төслийг зогсох эрсдлийг авчирлаа.
“Оюутолгой” компанийн зүгээс цахим хуудсандаа мэдээлэл гаргахдаа... “Оюу толгой” ХХК Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулагч бөгөөд 2010 оноос хойш нийт 11.3 тэрбум гаруй ам.долларыг дотоодод зарцуулсан байна. Монгол Улсын томоохон ажил олгогчийн хувьд одоогоор тус төсөлд 12,300 гаруй хүн ажиллаж байгаагаас 94 хувь нь Монголчууд байна.
Тус компани 2020 онд ойролцоогоор 290 сая ам.долларын татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бусад төлбөр хураамж төлсөн. Монгол Улсын Засгийн газрын КОВИД-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжих үүднээс ашигт малтмалын нөөц ашигласны зарим төлбөрийг хуулийн хугацаанаас өмнө шилжүүлсэн. “Оюу толгой” ХХК өнгөрсөн сарын 22-ны өдөр Татварын ерөнхий газраас 649 тэрбум төгрөг (ойролцоогоор 228 сая ам.доллар)-ийн нөхөн ногдуулалтын акт хүлээн авсан. Энэхүү акт нь “Оюу толгой” ХХК-ийн 2016-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн татварын хяналт шалгалттай холбоотой юм. гэх мэдээллийг өгсөн.
Эргэн сануулахад.. Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн төлөөлөл, “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтай 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр цахимаар уулзаж, үүсээд буй шаардлага, нөхцөл байдлын талаар ярилцсан. Монголын талаас Оюутолгой төслийн Монгол Улсад ногдох үр ашгийг нэмэгдүүлэх, уг төслийн өмнө байгуулсан гэрээнүүдийг засч сайжруулах тодорхой саналыг гаргасан юм. Мөн 2015 онд байгуудсан Дубайн гэрээ буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах зайлшгүй шаардлагатай байгааг Монголын тал “Рио Тинто” компанид мэдэгдэж байв.
Оюу толгой зогсвол эдийн засаг элгээрээ хэвтэх нь тодорхой байна. “Рио Тинто”-гийн байр суурийг анзаарахад улстөрчдийн сэдэв болгож буй гурван гэрээний суурь заалтуудад гар хүрэхгүй гэдэг дээр хатуу зогсч байна. Гэхдээ гэрээнүүдийн хүрээнд Монголын талын хүртэх өгөөж, ашгийг нэмэгдүүлэх яриа хэлэлцээ өрнүүлье гээд дуугарчихсан. Байгуулсан гэрээнийхээ хүрээнд ашгаа нэмэгдүүлэх яриа хэлэлцээ өрнүүлж яагаад болохгүй гэж.
Өнгөрсөн 10 жилд “Rio Tinto” корпорациас “Оюу толгой” ХХК-д 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Харин Засгийн газраас “Дубайн гэрээ”-г цуцалбал Монгол Улсад алдагдалтай байх талаар шинжээчид сошиал орчинд дурдаж байна. 2011 онд Пакистан Улс “Barick Gold” болон “Antofagasta” компанитай гэрээгээ цуцалж, 8.3 тэрбум ам.долларын өрөнд орж, төлөх шаардлагатай болсон. Үүний адил Засгийн газраас гэрээсээ цуцлах тохиолдолд их хэмжээний нөхөн төлбөр төлж болзошгүй байгааг анхааруулж байгаа билээ.
Сэтгэгдэл үлдээх