Цэс Close

Зөрчлийн хэргийн гаралт 33.9 хувиар буурчээ

Энэ оны 4 дүгээр сард улсын хэмжээнд нийт110629зөрчлийн хэрэг бүртгэгдсэн бөгөөд өмнөх 3 дугаар сартай харьцуулахад  33.9 хувиар буурсан байна.

Нийт зөрчлийн хэргийн 98.8 хувийг цагдаагийн байгууллага, 0.3 хувийг мэргэжлийн хяналт, 0.1 хувийг онцгой байдал, 0.78 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалган шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд зөрчил үйлдсэн 108759 хүн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгүүлсэн нь өмнөх сараас 34.5 хувиар, 168 хуулийн этгээд шийтгүүлсэн нь 29.2  хувиар тус тус буурсан байна.

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 81.5 хувь нь эрэгтэй,  18.5 хувь нь эмэгтэй байгаа бол  дийлэнх нь буюу 67.2 хувь нь 26-45 насны хүмүүс байна.

Зөрчлийн хэргийн улмаас нийт 142 сая 441 мянган төгрөгийн хохирол учирч, 96.9  хувь нь нөхөн төлөгджээ.  

Өнгөрөгч дөрөвдүгээр сард улсын хэмжээнд бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор зарим төрлийн зөрчлийн хэргийн гаралт тодорхой хувиар буурсан байна. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 62.3 хувиар, Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 58.7 хувиар, Хулгайлах зөрчил 44.5 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 37.7 хувиар, Танхайрах зөрчил 33.5 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 30.4 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 10.4 хувиар, Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 9.2 хувиар, Хүний биед халдах зөрчил 6.8 хувиар тус тус буурчээ.

Хэдийгээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн гаралт буурсан боловч улсын хэмжээнд гарч байгаа нийт зөрчлийн хэргийн дийлэнх хувийг буюу 83.4 хувийг эзэлж байна.

Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих  зөрчил 97.4 хувиар, Өрсөлдөөний тухай хууль зөрчих зөрчил 66.7 хувиар, Албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх зөрчил  43.9 хувиар тус тус өсжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн 56.5 хувь нь Нийслэлд үйлдэгдсэнээс Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргүүдэд, 43.5 хувь нь орон нутагт үйлдэгдсэнээс Хөвсгөл, Баянхонгор, Булган аймгуудад хамгийн олон гарчээ. Энэ төрлийн зөрчлийн холбогдогч нарын 95.5 хувь нь эрэгтэй, 69.2 хувь нь 26-45 насны хүмүүс байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн хэргийг нарийвчлан үзвэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон зөрчил хамгийн их үйлдэгджээ. Тодруулбал, дээрх зөрчлийн 62.2 хувь нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, 27.9 хувь хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, 8 хувь нь хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан, 1.9 хувь нь бусадтай харилцахыг хязгаарласан зөрчил байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах