Канадын жүжигчин Р.Гослинг “Оддын дайн”-ы шинэ ангид тоглохоор болжээ

Алдарт “Оддын дайн” киноны шинэ ангид Канадын жүжигчин Райан Гослинг тоглоно хэмээн “Walt Disney” компанийн охин компани болох “Lucasfilm” мэдээллээ. 2027 оны тавдугаар сард нээлтээ хийх “Star Wars: Starfighter” хэмээх энэхүү шинэ ангид 2019 онд дэлгэцнээ гарсан “The Rise of Skywalker” анги дээр гарсан үйл явдлаас хойш таван жилийн дараа өрнөсөн үйл явдлыг өгүүлэх аж.
Канадын найруулагч Шон Левигийн найруулах бүтээлийн зураг авалт ирэх намар эхлэх ажээ. Тэрбээр “Marvel”-ийн 2024 оны бүтээл “Deadpool & Wolverine” болон “Netflix” стриминг платформын “Stranger Things” цувралын ангиудыг найруулж байсан юм.
Р.Гослингийн хувьд “Оскар”-ын шагналд гурван удаа нэр дэвшиж байсан бөгөөд хамгийн сүүлд 2023 онд “Барби” киноны Кенийн дүрээрээ "Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин" төрөлд өрсөлдөж байв.
“Оддын дайн” бол 1977 онд Америкийн найруулагч Жорж Лукасын туурвисан шинжлэх ухааны зөгнөлт франчайз бөгөөд алсын алсад орших галактикт өрнөх үйл явдлуудыг өгүүлдэг. “Оддын дайн”-ы ангиуд дэлхийн зах зээлээс нийт 5.1 тэрбум гаруй ам.долларын кассын орлого олсон байна.
Сэтгэгдэл үлдээх