Цэс Close

Л.Халтар: Жолооч нарын шинжилгээний хариу Хятадын талд эерэг, Монгол талд сөрөг гардаг зүйл гурав дахь сардаа үргэлжилж байна

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нүүрс тээвэрлэлттэй холбоотой мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа.

Тэрээр "Нүүрс тээвэрлэлтийн асуудал үнэхээр санаа зовоож байна. Халдвар хамгааллын дэглэм, халдварын байдал Гашуунсухайт боом, Цагаан хадан дээр идэвхжсэн. Үүнтэй холбоотойгоор Хятадын талаас шинжилгээнүүд дээр анхаарал тавьж байна. Сангийн яам хилийн зурвас дээр контейнерын терминал байгуулж туршилт хийхэд амжилттай болсон. Одоо Хятадын талтай яриа хэлэлцлийн шатанд явж байна. Жолооч нарын шинжилгээний  хариу Хятадын талд эерэг, Монгол талд сөрөг гардаг зүйл гурав дахь сардаа үргэлжилж байна. Бид Эрүүл мэндийн яаманд энэ асуудлыг тавьсан. Эрүүл мэндийн яам Хятадын холбогдох байгууллагуудтай хоёр удаа онлайн уулзалт хийсэн. Тэгээд эндээс ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийг аваачиж, хэд хэдэн удаа ажиллуулсан. 2021 оны гуравдугаар сарын 18-наас Цагаан хадны суурьшлын бүсийн иргэд экспортын тээврийн жолооч нийлсэн 18600 иргэдийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулсан. Өнөөдрийн байдлаар гуравдугаар тунд 215 хүн хамрагдсан байна.

Гэхдээ бидний ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн хувьд адилхан. Яг энэ дээр бид ХӨСҮТ-ийн чиглэлийг харсан байдалтай байна. Төмөр замын тухайд Хятадын “China Energy” компанийн төмөр замын компанитай өнөөдөр гурав дахь уулзалтаа хийж байна. Энэ уулзалтын дараа "Тавантолгой" төмөр замынхан бидэнд тодорхой мэдээлэл өгнө. Үүний өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яамтай ярилцаж, айлын талтай ярих үндсэн зарчмуудаа тохирсон байгаа. Одоо өргөн, нарийн гэлтгүй хил холболтын цэгийн хувьд эхний гаргалгаа гарсан. Дараа нь нарийн цариг наашаа орж ирэх үү, өргөн цариг цаашаа гарах уу гэдэг дээр айлын талтай эцсийн шийдлийг гаргахаар ажиллана. "Тавантолгой" төмөр замын мэдээлж байгаагаар 2022 оны долдугаар сар гэхэд Тавантолгойгоос Гашуунсухайт өртөө хүртэл төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусна гэдэг чиглэлтэй байгаа. Ялангуяа дэд бүтцийн ажил сайн явж байна. Гол нь барилга байгууламж буюу удирдлагын байр, орон сууцны тал дээр өвөл нэлээн шахах шаардлагатай гэсэн зүйлийг хэлсэн" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах