Моуриньо: Брэд Питт ямар харалган юм бэ? Энистон-Анжелина Жоли 1:0!
Английн “Тоттенхэм”-ийн ахлах дасгалжуулагч Жозе Моуриньогийн тухай гурван жижиг түүхийг хүүрнэе.
Бүдүүнээг авах гээд бүтэлгүйтэв
Английн хамгийн авъяаслаг мөн хамгийн авиртай хөлбөмбөгчдийн нэг Уэйн Руниг Жозе Моуриньо багтаа авахыг, хамтдаа ажиллаж үзэхийг их хүсдэг байжээ. Гэлээ ч 2016 онд “Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагч болтлоо түүнд тийм боломж олдоогүй юм.
Гэхдээ өмнө нь Руниг авахаар оролдлого бишгүй хийсэн байна. 2010 онд Уэйн Руни “Юнайтед”-аас явна гэж ам нээхэд нь тухайн үед “Реал Мадрид”-ыг удирдаж байсан Моуриньо “Хэрвээ явмаар байвал над руу эхлээд утасдаарай” гэж хэвлэлийн хурал дээр зарлаж байлаа. Гэвч тухайн үед Сэр Алекс Фергюсон тэр дор нь Руниг сэнхрүүлж, таван жилийн гэрээнд гарын үсэг зуруулж чадсан юм.
Дараа нь 2013 онд Руниг “уургалахаар” нарийн арга сэдэн, өргөн фронтоор довтолж эхэлсэн юм. Учир нь тухайн үед Сэр Алекс Фергюсон ажлаа өгч, түүний оронд Дэвид Мойес “Улаан чөтгөрүүд”-ийн дасгалжуулагч боллоо. Гэтэл Руни Мойес хоёр олон жилийн турш таагүй харилцаатай байсаар ирсэнийг мэдэх тул Моуриньо энэ боломжийг л ашиглахаар шийджээ.
Ингээд улирлын өмнөх бэлтгэлээ хийхээр АНУ-д очсоныхоо дараагаар Моуриньо хүүтэйгээ зэрэгцэн суугаад “Бүдүүнээг авчих уу? Юу гэж бодож байна?” хэмээн асуужээ. Хүү нь бүдүүнээ гэж хэнийг хэлээд байгааг ойлгохгүй гайхахад “Бүдээнээ гэж Руниг хэлж байна аа” гэжээ. Ингээд Рунигийн агент Пол Стретфорд руу утас цохиж, удаан ярилцсаны эцэст “Манчестер Юнайтед”-аас явахаас буцахгүй гэдгийг ойлгожээ.
Гэхдээ “Челси”-гийнхэн Руниг өөрөө явмаар байгаагаа хэвлэлээр хэлээсэй гэж хүсч байлаа. Харин Руни тийм зан гаргахаас татгалзсан байна. Тэр улиралдаа “Олд Траффорд”-д “Челси” зочилж 0:0-ээр тэнцсэний дараагаар Жозе Моуриньо тэвчээр алдарч “Тэр явахыг хүсч байна” гэх юмуу эсвэл “Үлдэхийг хүсч байна” гэдгээ тодорхой хэлчих хэрэгтэй шүү дээ” хэмээн арга баран мэдэгдсэн байдаг. Харин Руни “Явмаар байна” гэж огт дуугараагүй тул “Челси” түүний төлөө бэлдсэн мөнгөө буцаан сэйфэндээ хийжээ.
Ховсдуулсан зомбинууд
АНУ-д улирлын өмнөх бэлтгэл хийх үеэрээ кинонд шимтэн дурлагч Жозе Моуриньо өөрийнхөө биширдэг жүжигчидтэй уулзаж амжжээ. Түүний хайртай жүжигчид нь Энтони Хопкинс, Аль Пачино. Гэхдээ Моуриньо өөрөө Онцгой нэгэн тул бусдыг өөрөөсөө илүү онцгой байхыг хүлцэн тэвчих тун дургүй.
“Аль Пачинотой уулзахдаа хоёр шүтээн, хоёр аугаа эрхэм хоорондоо уулзлаа гэж тэр баярласан. Надад бүр Аль Пачинотой хамт авахуулсан зурагаа хүртэл үзүүлж онгирсон. Гэвч түүний дургүйг нэг зүйл хүргэсэн юм шиг билээ. Уулзалтын үеэр ойр хавьд байсан хүүхнүүд бүгд Аль Пачино руу тэмүүлээд өөрийг нь огт тоохгүй байсан гэнэ. “Тэгэхэд жаахан атаархах сэтгэл төрсөн гэж Моуриньо өөрөө надад хэлсэн” хэмээн нэгэн сэтгүүлч өгүүлжээ. Моуриньотой өмнө нь ийм явдал тохиолдож байгаагүй аж. Хаана явна, гол хүн нь дандаа өөрөө байгаад сурчихсан тул эвгүй санагдсан хэрэг.
“Аль Пачино чинь жижигхэн тэгээд бас хөгшин хүн. Тэгээд ч нүүр ам нь нуль үрчлээ юм байна лээ. Тэгсэн атал хүүхнүүд түүн рүү л зүтгээд байсан” хэмээн Моуриньо инээмсэглэн өгүүлжээ.
Аль Пачино ийнхүү Моуриньод атаархах сэтгэл төрүүлсэн бол түүнийг алмайруулсан өөр нэгэн бий. Тэр бол холливүдийн жүжигчин Женнифер Энистон.
Лос-Анжелесийн “Беверли Хиллз” зочид буудалд “Челси”-гийнхэн буусан байлаа. Багаараа автобус хүлээгээд зочид буудлын үүдний хэсэгт сууж байхдаа Моуриньо ам хуурайгүй зангаараа Бразилд амарсан паянгаа дэлгэн сууж. Гэтэл гэнэт багийнхан нь бүгд амаа ангайн, таг болчих юм гэнэ. Моуриньо гайхаад тэдний ширтэх зүгт харвал “Найзууд”-ын Женнифер Энистон яваа харагджээ.
“Үнэхээр гайхалтай сайхан харагдаж байна лээ. Ховсдуулчихсан зомбитой төстэй бидэн рүү хүртэл тоож хараад инээмсэглэсэн шүү. Даанч коридороор их хурдан яваад өнгөрсөн” гэж Моуриньо ярьжээ. Ингээд үзүүлбэр шиг юм болоод өнгөрсний дараагаар Моуриньо сурсан зангаараа багийнхнаасаа урьтан ам нээж, “Чөтгөр аваг, энэ Брэд Питт ямар харалган юм бэ?! Женнифер Энистон 1, Анжелина Жоли 0” гэж хэлээд уруулаа байдгаараа дарвайлган Анжелина Жолиг элэглэсэн байна.
Өрсөлдөгчийнхөө гарааг таав
Английн Премьер лигийн 12 дугаар тойрогт “Вест Хэм”-ийн эсрэг гаргах гарааны бүрэлдэхүүнээ “Лидс”-ийн Марсело Бьелса хэдэн хоногийн өмнө зарласан явдал саяхан гарсан. Тэгвэл тэртээ 2005 онд Жозе Моуриньо өрсөлдөгч багийнхаа гарааг гурав хоногийн өмнө яг тааж байжээ.
Аваргуудын лигт “Челси”-“Барселона” тоглох дөхөж, хэвлэлийн хурал хийлгэжээ. Моуриньо үүнээс өмнө гурав хоног хаалттай бэлтгэл хийж, багийн дотоод байдлыг чандлан нууцалсан юм.
“Дрогба, Галлас хоёр тоглох боломжтой. Харин Дафф тоглохгүй л болов уу” гэж Моуриньо мэдэгдсэн хэрнээ “Барселона”-гийн 11-ийг шууд тааж хэлжээ. Вальдес, Беллетти, Пуйоль, Маркес, Ван Бронкхорст, Альбертини, Деку, Хави, Это’О, Жюли, Рональдиньо нар гараанд гаргана аа гэж.
Гэтэл “Барселона”-гийн Франк Райкаард үнэхээр яг ийм бүрэлдэхүүн гаргасан байна. “Үнэнээ хэлэхэд, өрсөлдөгчдөө гэнэтийн бэлэг барихын тулд гарааны бүрэлдэхүүнийг тоглолт дөхтөл зарладаггүй уламжлалтай. Тоглогчид гарааны бүрэлдэхүүнийг бүгдээс өмнө мэдэж байх ёстой ч гэж ярьдаг. Гэтэл Жозе тоглолтоос гурав хоногийн өмнө гарааг мэдэж байлаа. Хэрвээ ингэж мэдэж байсан юм бол яах гэж гурав хоног хаалттай бэлтгэл хийдэг байна аа” хэмээн Франк Райкаард эгдүүцсэн юм.
Тухайн тоглолтод “Барселона” талбайдаа 2:1-ээр хожоод, хариу тоглолтод Моуриньогийн баг 4:2-оор хожсоноор дараагийн шатанд шалгарсан.
Р.Гэгээ
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]
Сэтгэгдэл үлдээх