МХАҮТ-ын ерөнхийлөгчийн нөхөн сонгууль Т.Дүүрэнг хорих шалтгаан болов уу -Энэ бүхний ард хэн байна вэ-
Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчийн нөхөн сонгууль болох гэж байна. Монголын хамгийн том төрийн бус байгууллага болох энэ байгууллагын ач холбогдол, ажил үүргийн талаар анх тэр бүр хүмүүс мэддэггүй байлаа. Сүүлийн жилүүдэд анхаарал тийш ханддаг болсон. Төр засаг ч тэр, аж ахуй нэгжүүд ч тэр. Гэвч үүний өмнө болсон тус байгууллагын Ерөнхийлөгчийн сонгууль улс төр, бизнесийн бүлэглэлүүд энэ байгууллагыг ямар их сонирхож, өөрийн хүмүүсээ зүтгүүлж байгаа нь харагдсан. Ашиг сонирхлын том “зодоон” болсон гэхэд хилсдэхгүй. Уг нь бие дааж, бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийн төлөө явж ирсэн өнөөх байгууллагыг юунд хэрэгтэй гэж, юунд ашиглах гэж тэд ийнхүү улайраад байна. Тэдний сонирхол хэдий чинээ их байна, төдий чинээ жижиг, дунд бизнес эрхлэгчид, мөрөөрөө урагшилж байгаа аж ахуй нэгжийн хувь заяа хүндэрч эхэлнэ гэсэн үг. Төр, улс төртэй хутгалдаагүй, бизнес эрхлэгчдэд нөмөр нөөлөг болж ирсэн сүүлчийн ганц цайзыг эзлэхээр хэн, хэн санаархаж байна вэ гэдэг анхаарлын гадна үлдээж болох сэдэв биш. Мөрөөрөө салбараа өөд нь татах гэж зүтгэдэг нэг хэсэг байхад аль ч салбарт улс төр, ашиг сонирхлоо шургуулдаг хэсэг ч байгаа. Энэ удаагийн Танхимын ерөнхийлөгчийн нөхөн сонгуульд тийм ашиг сонирхол шургаж байгаа шинжтэй. МХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал маргааш болно. Энэ хурлаар хэл ам ихтэй нөхөн сонгууль болох юм.
Танхимын ерөнхийлөгчийн сонгуульд Т.Дүүрэн, “Таван богд”-ын Ц.Баатарсайхан, “Урбанек”-ийн Г.Лхагважав нар өрсөлдөх нь одоогоор ил болсон мэдээлэл. Харин Танхимын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Т.Дүүрэнд таслан сэргийлэх арга хэмжээ авч байна гээд гуч хоног хорихоор болов. Чухам сонгуулийн өмнөх өдөр ингэж хорьж буй нь шууд утгаараа энэ сонгуульд зориулсан үйл явдал гэж ойлгогдохоор байна. Т.Дүүрэн өөрийн сошиал хуудаснаа “ Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо. Миний бие өөрийн биеэр бус ч Танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. Мөн тэрээр өчигдөр MNB сувгаар ярилцлага өгөх байсан ч гаргахыг нь хориглосон тухай өөрийн нүүр хуудсандаа бичсэн бөгөөд “...Үг хэлэх, өөрийгөө өмгөөлөх бүх эрхийг хязгаарлалаа. Энэ улсад хувийн хэвшлийн орон зай байхгүй болжээ. Өнөөдөр намайг, маргааш та нарыг дуудаж хорин таслах аж” хэмээжээ.
Тэртээ 1990-ээд онд гарсан хуулиар л Танхимын үйл ажиллагаа өнөөдөр хүртэл зохицуулагдаж ирсэн. Тиймээс танхимын хуулийн асуудлаар чамгүй ажил хийсэн, энэ хүн танхимын үйл ажиллагааг олонд таниулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэтэл Танхимын ерөнхийлөгчийн нөхөн сонгууль болохтой холбоотой түүн рүү дайрах дайралт сүүлийн өдрүүдэд эрчимжсэн.
Хэдийгээр том, жижиг олон компани МХАҮТ-д харьяалагддаг, төрөөс хамааралгүй төрийн бус байгууллага ч гэлээ энэ байгууллагын ерөнхийлөгчид өрсөлдөгчийг сонгуулийн өмнөх өдөр нь хорих хэмжээний тийм ашигтай байгууллага биш шүү дээ.
Ямартай ч олон нийт, хэвлэл мэдээллийнхний анзаарч байгаагаар Т.Дүүрэнг хорих ажиллагаа энэ сонгуультай хамаатай болох нь гарцаагүй мэт харагдаж байна. Тэгвэл түүнийг сонгуульд өрсөлдүүлэхгүй хорих сонирхол хэнд байх вэ. Ажиглагчдын таамгаар бол улс төрийн оролцоо бий гэх.
Т.Дүүрэнтэй өрсөлдөх нь тодорхой байгаа гол хүн нь Ц.Баатарсайхан. Жижиг, том гэлтгүй бүхий л бизнес рүү орсон түүнийг танхимын ерөнхийлөгч болохоор их л чармайж саарал ордон хавиар харагдах болсон гэх мэдээлэл тамхины цэг байтугай л газраар түгэж байна. За тэгээд танхимын гишүүн компанийн удирдлагууд, санал хураалтад оролцох субьектүүд хэрхэн саналаа өгөхийг харж л байхаас.
Эрхбиш толгой дээрээ өөрсдийгөө залгих хүнээ тахихгүй бизээ гэж найдна. Хувийн хэвшлийнхний нуруун дээрээ үүрдэг ачаа их. Татвар, нийгмийн даатгал, хуулийн элдэв дарамт, тэр байтугай нутгийн зөвлөл, хамаатан садангууд нь ч мөлхөх шахам босгож байгаа бизнесийг нь хязгааргүй их мөнгө олж байгаа мэт ойлгож, шургаж унатал нь шимэгчилдэг. Монголд цөөн хэдэн компани л тендер, ашигтай төслүүдэд орж, төртэй хуйвалдаж, эрх мэдэлтнүүдтэй үгсэж, улс төрд гар хөлөө шургуулан байж улам томорч байна. Тэд мэдээлэлд хамгийн ойр байдаг. Тэдэнд “томрох” боломж бусдаас илүү байдаг. Тэр “том”-ууд давуу эрхтэй. Болж өгвөл энэ улсад эзэн суучих санаатай цөөн хэдэн бизнес эрхлэгчид манай улсад бий. Энэ сонгууль болдгоороо болно. Бизнес эрхлэгчдийн зовлон жаргалыг ойлгодог, улс төрийн нөлөөлөлгүй, эрүүл сэтгэдэг хүн гараасай билээ. МХАҮТ-ын энэ удаагийн сонгуульд зөв хүн гарч ирэх эсэхийг гишүүд нь л мэдэх байх. Гэхдээ Т.Дүүрэн өөрийн биеэр байх боломжгүй байгаа ч өрсөлдөхөөсөө татгалзахгүйгээ мэдэгдчихсэн байгаа шүү.
Монголын хамгийн том банкыг эзэмшиж, хамгийн өндөр сервистэй автомашины бизнес, Монголын брэнд болсон ноолуурын бизнес, хэвлэх үйлдвэр, сүлжээ хоол гээд түүний бизнесийг нэрлээд байвал дуусахгүй. Сүүлд ууц чанах бизнес рүү хүртэл хөл тавьсан. Дотоодын хамгийн том компани хэрнээ жижиг компаниудыг өөд нь харуулахгүй л орон зайд нь нэвтэрч бизнес булаалддаг гэж аль эртнээс олноороо мэдэх болсон тэрээр чухам яагаад бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийн төлөө явдаг төрийн бусын удирдлагад өрсөлдөхөөр санаархаж байна вэ. Түүнийг улс төрийн дэмжлэгтэй гэдэг. Бүр түүнтэй хамаатай улстөрчдийн нэрс эртнээс яригддаг байсан. Хэрэв тэрээр өрсөлдөгчөө намнах үйл явцын захиалагч нь бол Монголд шударга юм байна гэж итгэхэд бэрх болжээ. Төрийн бусын удирдлагад өрсөлдсөнийхөө төлөө барьж хориулахдаа тулж байгаа бол залуусын хэлээд байдаг “Энэ улсаас чинь зайлаад өгье” гэж хэлэх нь зөв ч юм шиг. Эх орондоо хайргүйдээ биш, шударга бус хандлага, шударгаар хөдөлмөрлөөд үнэлүүлдэггүй нийгмийг хараад бухимдахдаа л хэлдэг үг байх.
Харин "Урбанек”ийн гэх Г.Лхагважав өмнө МХАҮТ-ын удирдлагаар ажиллаж байсан бөгөөд намын үйл хэрэгт зүтгээд нэг хэсэг сураг алдарсан билээ. Тэрээр бас сүүлийн мөчид өрсөлдөхөө илэрхийлээд байгааг хэвлэлүүд мэдээлсэн.
Ийнхүү Танхимын сонгуулийн үйл явдал адармаатай, дуулиантай, шударга бус өрсөлдөөнтэй өрнөж эхэллээ. Сонгуулийн үр дүнг л хүлээе дээ.
Сэтгэгдэл үлдээх