МҮХАҮТ: Төсвийг хэт тэлсний ачааллыг даах чадал бизнес эрхлэгчдэд байхгүй
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргажээ.
Монгол Улсын Засгийн Газраас УИХ-д өргөн барьсан Монгол улсын оны төсвийн төсөлд төсвийн нийт орлого 36.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд төгрөг, зарлага 35.8 их наяд төгрөг байхаар тооцжээ. 2023 оны төсөвтэй харьцуулахад төсвийн орлого 15.0 их наяд төгрөг буюу 68.8 хувиар төсвийн зарлага 13.4 их наяд төгрөг буюу 60.0 хувиар, урсгал зардал нь 9.1 их наяд төгрөг буюу 53.9 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Эдийн засгийн өсөлтийн хангах, бизнесийг дэмжих олон сайхан амлалтаар УИХ-д хамгийн олон суудал авсан МАН, АН, ХҮН намууд сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэхээр Хамтарсан засгийн газар байгуулсан. Харамсалтай нь МАН "Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл болгож бууруулах", АН "Монгол улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танах", ХҮН "Төсвийн зардлыг бодитоор бууруулах бодлого баримтлах" гэсэн амлалтаа орхиж байна.
Монгол улсын 2025 оны төсвийн төсөлд төсвийн орлогыг эдийн засгийн мөчлөг дагуулан өндөр тооцсон, төсвийн хөрөнгө оруулалтын эрэмбэ дараа, шалгуур, үр ашиг нь тодорхойгүй, төсвийн урсгал зардлыг оновчтой тооцоогүй, зарим урсгал зардлыг хэт өсгөсөн байна.
Төсвийн орлогын 87 хувийг буюу 31.9 их наяд төгрөгийг татвараар бүрдүүлэхээр тооцсон нь аж ахуйн нэгж, иргэд 2023 оноос 49 хувиар илүү буюу 10.5 их наяд төгрөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр байна.
Төсвийн хэт тэлэлт нь эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлж, хувийн хэвшлийн орон зайг улам бүр хумих үр дагавартай бөгөөд татвар, нийгмийн даатгалын шимтгэл, зээлийн хүүгийн ихээхэн ачаалал, дарамт дор байгаа бизнес эрхлэгчдийн хувьд 2025 онд ирэх татварын ачааллыг тэсвэрлэхэд маш хүнд болно.
Иймд Монгол улсын төсвийн зарлагыг жилээс жилд нэмэгдүүлэн хэт тэлдэг байдлыг таслан зогсоох, эдийн засгийн өндөр өсөлттэй үед урсгал зардлыг нэмэх биш харин татварын ачааллыг бууруулах, эдийн засагт ач холбогдолтой хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжих, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх болон нийгмийн халамжийн бодлогыг өөрчлөн халамжаас хөдөлмөрт шилжих чиглэлд эрс шинэчлэл хийх шаардлагатай байгааг мэдэгдэж байна..
Мөн төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хариуцлагыг холбогдох байгууллага, албан тушаалтантай тооцох нөхцөл байдал үүсээд байгааг анхааруулъя.
Бизнес эрхлэгчдийн төлөөллийн хувьд Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны улсын төсвийн төслийг хэлэлцэн батлах үйл явцыг анхааралтай ажиглаж, үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ илэрхийлж байна.
Сэтгэгдэл үлдээх