Цэс Close

Нийслэл 2022 онд өмч хувьчлалаас ₮45 тэрбумыг төвлөрүүлэхээр тусгажээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  ээлжит XI хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм. Үргэлжлүүлээд Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн  тухай хэлэлцсэн юм.

Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг нийслэлийн Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. 2015-2020 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудаар батлагдсан хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтаас өнөөдрийн байдлаар хувьчлагдаагүй үлдсэн нийт 26 барилга байгууламж байна.

Эдгээр объектоос 2022 онд Нийслэлийн Өмч хувьчлах комиссын шийдвэрээр хувьчлах ажлыг зохион байгуулах тул хувьчлалын орлогыг бүрдүүлэх боломжтой. Мөн нийслэлийн өмчөөс 2022 онд шинээр 4 барилга байгууламжийг хувьчилж, өмч хувьчлалаас нийслэлийн төсөвт нийт 45 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцсоныг нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн онцоллоо.

2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар  хороонд байрлах Ахуй үйлчилгээний төвийн барилга,  32 дугаар хороонд байрлах  Эмээлтийн мал эмнэлгийн лабораторын барилга, 17 дугаар  хороонд байрлах “Монгол шуудан” ХК-ийн   21 дүгээр  салбарын түрээсээр эзэмшиж буй байр болон  Сүхбаатар дүүргийн  6 дугаар хороонд байрлах “Монгол шуудан” ХК-ийн  46 дугаар салбарын түрээсээр эзэмшиж буй байр багтсан байна.

Тухайлбал, Нийслэлийн мал эмнэлгийн газрын хөрөнгөд бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Эмээлт түүхий эдийн захын лабораторыг мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдэд мал эмнэлэг, ариун цэврийн шинжилгээ хийж, баталгаажуулалт олгох зорилгоор байгуулж байсан. Барилгыг 2005 онд 14.5 сая төгрөгөөр  барьсан. Гэвч эрчим хүчний асуудлыг шийдээгүйн улмаас зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон. Тиймээс хувьчлах обьектын жагсаалтад оруулжээ.

Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнгөрсөн хугацааны өмч, хувьчлалын жагсаалт, жил бүрийн баталсан тогтоолын хэрэгжилтийн талаар 2022 оны эхний улиралд багтаан танилцуулахыг  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъябазарт тэмдэглэлээр үүрэг болгосон юм.

2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 859 төсөл, арга хэмжээг зохион байгуулахаар  төлөвлөжээ

Үргэлжлүүлэн Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар  2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг танилцууллаа. 2021 оны төлөвлөгөөнд нийт 5 бүлгийн 21 дэд бүлэгт хамаарах 946 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан. Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөний биелэлт 91 хувьтай байна.

Харин нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох, газрын эрхийн дуудлага худалдаагаар эзэмшүүлэх, ашиглуулах, нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох, орчны тохижилт, ногоон байгууламж, явган хүний замыг нэмэгдүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц, барилга байгууламжийг буулган шинэчлэн барилгажуулах зэрэг 5 бүлэг, 22 дэд бүлгийн 859 төсөл, арга хэмжээг зохион байгуулахаар төсөлд тусгаад байна.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан үргэлжлүүлэн Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг хэлэлцэнэ. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах