Онцгой байдлын удирдах албаны ажилтны цугларалт боллоо

Онцгой байдлын Ерөнхий газарт “Удирдах ажилтны цугларалт” болж байна. 2025 онд онцгой байдлын байгууллага стандарт, мэдээллийн технологийн шинэчлэл хийж, гамшгийн удирдлагын нэгдсэн мэдээллийн санг хөгжүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн бусад улс орны туршлагаас суралцаж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх талд анхаарч ажиллахаар төлөвлөсөн тухай Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан онцолж байна.
ҮНДЭСНИЙ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БҮХ ТАЛЫН ОРОЛЦООТОЙГООР БЭХЖҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ
Сүүлийн жилүүдэд Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл, гамшиг осол, шинэ төрлийн халдварт өвчний давтамж нэмэгдэх хандлагатай байна. Улс орнууд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд сөрөн тэсвэрлэх чадавхаа нэмэгдүүлж, онцгой байдлын салбартаа илүү их анхаарч эхэлсэн. Манай улс үндэснийхээ сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэхдээ бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан, орон нутгийн онцлогт тохирсон төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Онцгой байдлын алба бол иргэдийн амь нас, эд хөрөнгө, Улсын аюулгүй байдалтай салшгүй холбоотой, хамгийн чухал салбар. Тиймээс техник хэрэгслийг олон улсын жишигт нийцүүлэхээр ажиллаж байна. 2020 оноос хойш онцгой байдлын шуурхай албаны автомашины хангалт 76 хувь, гал унтраах автомашины хангалт 55 хувиар нэмэгджээ. Мөн уснаас аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 260 хувь, өндрөөс аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 120 хувиар тус тус нэмэгдээд байна. 2025 онд албан хаагчдын ур чадвар, салхи батад анхаарч, олон улсын дадлага сургалтад тогтмол хамруулахаар төлөвлөжээ. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд стандарт, мэдээллийн технологийн шинэчлэлт хийж, гамшгийн удирдлагын нэгдсэн мэдээллийн санг хөгжүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.
Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь дан ганц онцгой байдлын салбарын үүрэг биш, үүнд иргэн бүрийн оролцоо, хариуцлага чухал юм. Тиймээс Боловсролын яамтай хамтран ЕБС-ийн сурагчдад “Аюулгүй амьдрах ухаан” хичээл орж, эрсдэлээс сэргийлэх чадвартай болгоход анхаарч байна. Онцгой байдлын “Удирдах ажилтны цугларалт”-ад аймаг, нийслэлийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 70 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагджээ.
Сэтгэгдэл үлдээх