Парламентад сөрөг хүчин болсон ИЗНН-ын нийслэл, дүүргийн намын хороо хуралдлаа
Өнгөрөгч баасан гаригт Иргэний Зориг Ногоон Намын Ахмадын холбоо болон эмэгтэйчүүдийн холбоо хуралдаж, бүтэц бүрэлдэхүүний асуудлаа шийдвэрлэн цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэв. Тус намын Ахмадын хорооны даргаар ардын багш, академич Л.Дашням сонгогдсон юм. Тэрээр “Энэ намыг үүсгэн байгуулагдахаас хамт явж ирсэн ахмадууд дунд эрдэмтэд, багш нар, эмч нар гээд олон хүн өнөөдрийг хүртэл гишүүнчлэлтэй, намынхаа үйл хэрэгт оролцсоор ирлээ. Энэ нам анх байгуулагдахдаа нийгмийн болохгүй байгаа олон зүйлийг засч залруулах шаардлагатай байна гэж үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс нийлж байлаа” гэсэн юм. Харин намын дарга, УИХ-ын гишүүн Батын Батбаатар “Өнөөдрийг хүртэл үзэл бодол үйл хэрэгтээ үнэнч байж, хорь гаруй жил намынхаа гишүүнээр байж, унаж, боссон аль ч цаг үед иргэний зоригоо гээгээгүй ахмадууддаа талархаж байна” гэсэн юм.
Тус намын нийслэл, дүүргийн тэргүүлэгчид өнгөрсөн ням гаригт хуралдлаа. Хурлаар ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил, нийслэл, орон нутагт тулгамдаад буй гол асуудлууд, шийдвэрлэх арга зам зэргийг хэлэлцэв. Мөн энэ үеэр бүтэж, бүрэлдэхүүний асуудал ч яригдсан юм.
Д.Мөрөн
Сэтгэгдэл үлдээх