П.Наранбаяр: Боловсролын салбарын 4 байгууллагад 81 албан тушаалын чиг үүрэг давхцаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар боловсролын салбарыг толгойлдог дөрвөн байгууллагын чиг үүрэг давхцаж байгаа учраас уг давхцлыг арилгах талаар Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа.
Тэрбээр "Энэ салбарын удирдлага, менежментийг авч яваа
- Боловсролын Яам,
- Боловсролын Ерөнхий Газар,
- Боловсролын Үнэлгээний Төв,
- Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэн хэмээх дөрвөн байгууллагын хоорондын чиг үүргийн давхцалыг шинжиллээ.
Эдгээрт 361 хүн ажилладаг. Шинжилгээний үр дүнд нийт 81 чиг үүрэг давхцаж байна. 73 албан тушаалыг хөдөлгөх шаардлагатай, 30 албан тушаалыг хэмнэх боломжтой нь харагдсан.
Мөнгөн дүнгээр бол жилд 900 орчим сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэж болохоор байгаагаа Засгийн газарт өнөөдөр танилцуулж, зохион байгуулалтын арга хэмжээгээ дараа нь хуралдаанд хэлэлцүүлэхээр болсон.
Манай салбарын одоогийн байдлыг харвал жижигдүү толгойтой, нэг их том гэдэстэй, чөргөр хөлтэй болчихсон байна. Иймээс 73 албан тушаалын заримыг орон нутагт шилжүүлж, орон нутгийн Боловсролын газруудыг илүү эрчтэй ажиллуулж, тэнд ажиллаж буй хүмүүсийн ачааллыг бууруулна. Мөн судалгаа хийдэг байгууллагуудаа дэмжинэ. 30 албан тушаалыг хэмнэх буюу цомхотгоно" гэв.
Түүнчлэн ажлын байрны чиг үүргийн давхцалыг Нийслэлийн Боловсролын Газар, орон нутагт үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх