Сарнайн дайнаас эхтэй мөнхийн өрсөлдөгчид буюу “Лидс”-“Манчестер Юнайтед”-ын тоглолтын түүх
Өнөө шөнө Английн хөлбөмбөгийн түүхэн том ширүүн өрсөлдөөнүүдийн нэгд тооцогддог “Манчестер Юнайтед”-“Лидс Юнайтед”-ын тоглолт болно.
2004 оны хоёрдугаар сарын 21-нд сүүлчийн удаа хоёр баг тулснаас хойш 16 жил Премьер лигт таараагүй болохоор хөлбөмбөгийн хорхойтнууд энэ тоглолтыг үгүйлсэн нь гарцаагүй.
Английн түүхчдийн үзэж буйгаар бол хоёр багийн тэмцлийн эх XV зуунд Английн Хаан ширээний төлөөх Сарнайн дайн хэмээх олон жил үргэлжилсэн цуст тэмцэлтэй холбоотой ажээ. Йоркшир гүнгийнхэн цагаан сарнайн бэлгэдэлтэй бол Ланкаширынхан улаан сарнайг бэлгэдлээ болгодог байсан тул Сарнайн дайн гэж нэрлэсэн гэнэ.
Тэр цагаан сарнай нь яван явсаар “Лидс”-тэй, харин улаан сарнай нь он цагийн урсгалаар “Манчестер Юнайтед”-тай холбогдон, өнөөдөр хоёр баг цагаан, улаан өмсгөлтэй тоглодог гэж үзэх нь бий. Тиймээс чхоёр багийн өрсөлдөөнийг Дундад зууны үйл явдлаас эхтэй гэж зарим түүхчид үздэг байна.
Харин хоёр хотын хоорондын өрсөлдөөн бол XVIII, XIX зуундаас эхтэй гэнэ. Энэ үед Английн эдийн засаг огцом сайжирч, Лидс хотод торгоны үйлдвэрлэл, торгоны наймаа хүчээ авсан байлаа. Харин Манчестер хот боомтоо ашиглан хөвөн даавуун үйлдвэрлэл, наймаа эрхлэх нь дийлэнх байв. Аажимдаа өндөр үнэтэй торго биш хямд үнэтэй хөвөн даавуу илүү эрэлт хэрэгцээтэй болсноор хоёр хотынхон хоорондоо эдийн засгийн тал дээр ширүүн өрсөлддөг болжээ.
Хоёр хотыг 64 километр заагладаг гэнэ. Харин байгуулагдсан түүхийг нь 41 жил зааглана. 1878 онд Йоркшир болон Ланкаширын төмөр замын ажилчид “Ньютон Хит” багийг үүсгэн байгуулсан нь 1902 онд нэрээ өөрчилж, “Манчестер Юнайтед” гэж нэрлэгдсэн түүхтэй.
Харин Лидс бол регби илүү хөгжсөн хот тул хөлбөмбөгийн клуб байгуулах ажил хожуу эхэлжээ. Эхлээд “Лидс Сити” гэх клуб байгуулсан ч хоёр жил болоод дампуурсан байна. Энэ клубын бааз дээр үндэслэн 1919 онд “Лидс Юнайтед”-ыг үүсгэн байгуулснаар хоёр баг 1923 нэгдүгээр сарын 20-нд анх хоорондоо тааран тоглоход 25000 үзэгч цугласан ч гоол харалгүй өнгөрчээ.
Дэлхийн Хоёрдугаар дайныг хүртэлх хугацаанд хоёр баг хоёулаа тун тогтворгүй амжилт үзүүлж, дээд лиг, доод лигээр олонтаа дамжжээ. Харин Мэтт Басби, Дон Реви хоёр багийг удирдах болсноор өрсөлдөөн шинэ шатанд гарсан байна.
Дэлхийн Хоёрдугаар дайны дараагаар “Манчестер Юнайтед” хүчтэй баг болоогүй, тэдний түүх бахархах амжилтаар маруухан байсан юм. Гэвч 1950-аад онд Мэтт Басби багийг удирдах болсноор гурван ч удаа улсынхаа аваргаар тодорч, нэрээ цуурайтуулж эхэлжээ. Энэ үед “Лидс”-ийн тоглогч-дасгалжуулагчаар Дон Реви ажиллах болсон байна.
Басбигийн “Манчестер Юнайтед”-д Бобби Чарльтон, Денис Лоу, Жорж Бест гээд гурван “Алтан бөмбөг” хожим хүртсэн хөлбөмбөгч тоглоно. Харин Ревигийн “Лидс”-т Бобби Чарьлтоны ах Жеки Чарльтон, “Хөлийг чинь тас хазчихна шүү” гэх хочтой Норман Хантер, мөн Билли Бремнер нар тоглодог байжээ. Энэ үеэс л хоёр багийн тоглолт ширүүн өрсөлдөөн, фанатуудын зодооноор алдаршиж эхэлсэн байна.
Хоёр баг заналт дайснууд хэрнээ түүхийг нь сөхөхөд шууд наймаа хийсэн нь чамгүй олон. Тэгээд тэр наймаанууд нь дандаа том тоглогчид байдаг. 1963 онд “Манчестер Юнайтед”-аас Жонни Жайлз “Лидс”-т очиход эхлээд том дуулиан дэгдсэн байна.
1964/65 оны улиралд хоёр баг Английн цомын шөвгийн дөрөвт сугалаа таарчихлаа. Тэдний тоглолт гоолгүй өндөрлөсөн ч зэрлэг догшин гэж жигтэйхэн болсон гэдэг. Ямартаа л Йоркширийн Мэдээ сонинд “Нэг нэгнийхээ ясыг хэмлэж идэх нохдыг санагдуулам тоглолт боллоо” гэж бичиж байхав. Хариу тоглолтын 89 дэх минутад Билли Бремнер хожлын гоол оруулсан юм билээ. Гэхдээ тэр улиралдаа “Манчестер Юнайтед” лигтээ түрүүлж, “Лидс” аман хүзүүджээ. Хоёр баг оноо тэнцсэн ч бөмбөгийн зөрүүгээр Манчестерийн баг дээр бичигдэж, аваргын цомыг гарджээ.
1960, 1970-аад онд “Лидс”-ийнхэн одтой байлаа. 1969, 1974 онд Английн аварга боллоо. Харин “Манчестер Юнайтед” 1968 онд Английн багуудаас хамгийн түрүүнд Аварга багуудын цом буюу одоогийн Аваргуудын лигт түрүүлсэн юм.
Түрүүн хэлсэнчлэн хоёр багийн хооронд шууд хийсэн наймаанууд чамгүй олон. 1978 онд “Лидс”-ийн фанатуудын хайртай тоглогч Гордон Маккуин болон Жо Жордан нар “Манчестер Юнайтед” рүү шилжсэн нь фанатуудад хүнд цохилт болжээ. Саяхан л хайр хүндлэлийнх нь эзэн байсан хоёр тоглогч хэдхэн сарын дараагаар гол өрсөлдөгчийнх нь өмсгөлтэйгээр эсрэг тоглож, бүр Маккуин уурсан хашгирах фанатуудын орилоон дунд хожлын гоол оруулсан байна.
1990-ээд оны эхээр алдарт Гордон Страчан “Манчестер Юнайтед”-аас “Лидс”-д очиж, тэнд Ли Чэпмэн, Дэвид Бэтти мөн Эрик Кантонатай нийлэн аварга болсон түүхтэй. Харин дараа жил нь Эрик Кантонаг хэрэг тарьчих гээд байдаг нөхөр гээд “Манчестер Юнайтед”-д зарчихсан юм. Хүний үг авахдаа муу, ааш авир догшин ширүүн ч гэлээ Эрик Кантона үнэхээр том хөзөр байсан тул Алекс Фергюсон 1.2 сая паундаар дуун дээр нь авсан гэдэг. Ингээд Кантона ирсэнээр Сэр Алексийн гэх гайхамшигтай үе эхэлсэн байдаг. Кантонатай таван улирлын дөрөвт нь “Манчестер Юнайтед” Английн аварга болсон билээ.
2000 онд “Лидс”-ийн хоёр фанат “Галатасарай”-тай хийсэн тоглолтын үеэр амь үрэгдсэн гашуудалт мэдээ хоёр багийг хэсэг хугацаанд ойртон нөхөрлүүлсэн юм билээ. “Өнгөрсөн цагийн өрсөлдөөн мартагдаж, фанатууд хамтдаа гашуудаж байна” хэмээн сонин хэвлэлээр бичигдэж байлаа.
Гэвч магадгүй хэдэн зууны өш хонзон цусаар нь урсаж байдаг фанатууд хичнээн эвтэй байя гээд болж өгөөгүй биз. “Лидс”-ийн фанатууд 1958 оны онгоцны ослоор Басбигийн хөвгүүд нас барсныг дурсан гоочилж, хариуд нь “Манчестер Юнайтед”-ын фанатууд “Галатасарай”-тай хийсэн тоглолтын үеэр амиа алдсан фанатуудын ясыг өндөлзүүлэх зэргээр хоёр багийн дайн үргэлжилсээр өдийг хүрсэн юм.
Тэдний хамгийн сүүлд хийсэн дуулиантай наймаа бол Алан Смит. 2000-аад оны дундуур Английн хөлбөмбөгийн нэгэн содон од болж гарч дэгжин залуу Алан Смит “Би хэзээ ч “Манчестер Юнайтед”-д очихгүй хэмээн ил цагаан мэдэгдэж, “Лидс”-ийн бэлэг тэмдгийг олны нүдний өмнө үнссээр байсан хэрнээ нэг л өдөр “Олд Траффорд”-ын багийн тоглогч болчихсныг “Лидс”-ийн фанатууд өдий хүртэл үзэн ядсаар байдаг биз ээ.
Хоёр баг хоорондоо 107 удаа тааран тоглоход, “Манчестер Юнайтед” 46, “Лидс Юнайтед” 26 хожсон бөгөөд үлдсэн 35 тоглолт тэнцээгээр өндөрлөжээ.
Тоглолтын өмнөх хэвлэлийн хурал дээр Оле Гуннар Сульшерээс Сарнайн өрсөлдөөн гэж нэрлэдэг энэхүү тоглолтын талаар асуухад “Их ширүүн тоглолт болдог байлаа. Хэн хэнийхээ ясыг үйрүүлээд өгье гэж хашгирч гараад хэрцгий догшин дайрдаг байлаа. Тэгээд өвтгөж чадвал ялсан мэт баярлаж хөөрнө. Мэдээж, мөн зодоон цохионгүй байна гэж юу байхав. Ер нь “Элланд Роуд”-д очоод намуухан сайхан тоглоно гэдэг үлгэр. Автобуснаас буугаад стадион руу ороход бие арзасхийдэг байсан” хэмээн Сульшер өгүүлжээ.
“Манчестер Юнайтед”-“Лидс Юнайтед”-ын тоглолт өнөө шөнө буюу Улаанбаатарын цагаар арванхоёрдугаар сарын 21-ний 00:30-д эхэлнэ.
Р.Гэгээ
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]
Сэтгэгдэл үлдээх