Слайм, керамик элс, гоёлын будаг, наамал зэрэг гар урлалын материал нь арьс, амьсгалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөх хорт бодис агуулсан байх боломжтой

Сүүлийн жилүүдэд хүүхдүүд слайм, керамик элс, гоёлын будаг, наамал зэрэг гар урлалын материалаар бүтээл урлаж, тоглох нь өргөн дэлгэр болсон. Эдгээр материал нь хүүхдийн гарын мэдрэмж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд эерэг нөлөөтэй хэдий ч, нөгөө талаас зарим слайм болон урлалын материалд арьс цочроох, амьсгалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөх, хүндэрвэл хордлого үүсгэх эрсдэлтэй химийн бодис агуулагдсан байх боломжтой юм.
Хамгийн түгээмэл хортой бодисууд:
· Боракс (Sodium borate):
Слайм зуурмагийг өтгөрүүлэхэд ашигладаг энэ бодис нь арьс, нүдийг цочроохоос гадна залигах удаан хугацаанд байнга хүрэлцэхэд нөхөн үржихүйн тогтолцоонд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг. 2021 онд Турк улсад хийсэн нэгэн судалгаанд 6–10 насны 32 хүүхэд слаймаар тоглосны дараа арьс загатнах, тууралт үүсэх, амьсгал давчдах, нүд улайх зэрэг шинж тэмдгүүд илэрч, эмнэлэгт хандсан байна. Шинжилгээгээр эдгээр хүүхдүүдийн тоглосон слаймд борын нэгдэл (боракс), формальдегид, ацетон зэрэг хортой химийн бодис агуулагдаж байсан нь тогтоогджээ. Европын холбооны улс орнууд бага насны хүүхдүүдийн тоглоомд боракс ашиглахыг хязгаарласан байдаг.
· Ацетон (Acetone):
Гар урлалын будганд агуулагддаг ацетоны уур нь уушги болон төв мэдрэлийн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлж, амьсгал давчдах, толгой эргэх, дотор муухайрах зэрэг шинж тэмдгийг үүсгэх эрсдэлтэй.
· Формальдегид (Formaldehyde) болон түүний нэгдлүүд:
Зарим гоёлын цавуу, наалдуулагч, хурдан хатдаг будганд агуулагддаг формальдегид нь хүний эрүүл мэндэд ноцтой хортой нөлөөтэй бөгөөд олон улсад хорт хавдар үүсгэгч бодис (канцероген) хэмээн ангилагдсан байдаг.
· Фталат болон үнэр, өнгө оруулагч нэмэлтүүд:
Зарим DIY урлалын материал, слаймд зөөлрүүлэгч болон үнэр оруулагч бодис орсон байдаг. Эдгээр нь дааврын тогтолцоонд нөлөөлж, хүүхдийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. 2023 онд АНУ-д хүүхдийн тоглоомын дэлгүүрээс худалдан авсан өнгө оруулагчтай слайм бүтээгдэхүүнийг 4 настай охин амандаа хийж залгисны улмаас бөөлжих, гэдэс өвдөх шинж тэмдгээр эмнэлэгт хүргэгдэж, улмаар хордлогын эмчилгээ хийлгэсэн тохиолдол бүртгэгджээ. Шинжилгээгээр тухайн слаймд агуулагдсан үнэрт бодис нь фталат болох нь тогтоогдсон байна.
Керамик элс (Kinetic sand): Керамик элс нь гаднаас харахад аюулгүй мэт боловч, өнгө, үнэр, зөөлөн мэдрэмжийг бий болгохын тулд синтетик полимер (жишээлбэл: диметикон), микропластик зэрэг химийн бодис хольсон байх нь түгээмэл. Эдгээр бодис нь хүүхдийн арьстай удаан хугацаанд хүрэлцэхэд арьсны харшил, эмзэгшил үүсгэх, мөн амьсгалын замаар биед нэвтэрсэн тохиолдолд амьсгалын эрхтэнд хурц болон архаг сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. “Керамик элс” тогтмол ашигладаг хүүхдүүдийн дунд ханиалгах, нус гоожих, харшлын шинж тэмдгүүд нэмэгдэх хандлага ажиглагдсан тул хийсэн судалгаагаар тухайн элсний тоосонцорт диметикон агуулагдаж байсныг тогтоосон байдаг.
ЭЦЭГ ЭХ, БАГШ, АСРАН ХАМГААЛАГЧ НАРТ ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ
1. Аюулгүй бүтээгдэхүүн сонгох:
· “Non-toxic”, “BPA-free”, “Phthalate-free” гэсэн тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнүүдийг сонгоорой.
· “ASTM D-4236” буюу урлаг, урлалын материалын аюулгүй байдлыг шалгаж, баталсан тэмдэглэгээтэй эсэхийг шалгаарай.
· Найрлага нь тодорхойгүй, өөр улсын бичигтэй ч орчуулгагүй, хэт хямд бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй.
· Хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон тоглоом сонгох. Тухайлбал, 5 хүртэлх насны хүүхдүүдэд дээрх тоглоомууд идэж болохоор сонирхолтой харагддаг тул слайм, өнгөт элс зэргийг өгөхгүй байх.
2. Тоглох аюулгүй орчныг бүрдүүлж, хамт оролцох:
· Гар урлал хийх үед тасалгааны цонх онгорхой, агааржуулалт сайтай байх нь чухал. Хэрэв тоглох явцад гар загатнах, тууралт өгөх зэрэг хэвийн бус шинж тэмдгүүд илэрвэл даруй тоглоомыг хаяж, хүүхдийг холдуулах хэрэгтэй.
· Хүүхдийг удаан хугацаагаар нэг дор слайм, элс, будгийн материалтай ажиллуулахгүй байх – 20-30 минут тоглох нь хангалттай.
· Хүүхдийг амандаа хийх, үнэрлэх, амьсгалах зэрэг үйлдлээс сэргийлж зааварчилгааг сайн өгөх. “Харж тоглуулах биш, хамт оролцох” зарчмыг баримтлах – ингэснээр хүүхэд зөв дадалд суралцаж, харилцаа, хандлага сайжирна.
· Тоглож дуусах үед ширээний тавцан, хэрэглэсэн зүйлсийг арчиж, цэвэрлэх. Мөн хүүхдийн гарыг сайтар савандаж угаах/угаалгах.
3. Хэрэглэсэн материалын зөв хадгалалт:
· Үлдэгдэл слайм, элс, цавууг ил задгай газар болон угаалтуур, жорлон зэрэгт хаяхгүй байх.
· Анхны савлагаа, шошготойгоор нь хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалж, хугацаа нь дууссан үед шууд хаях.
Сэтгэгдэл үлдээх