Цэс Close

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

УИХ-ын энэ хаврын чуулганаар Шадар сайд С.Амарсайханы санаачлан боловсруулсан  Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. Манай улсад нийт 6,733 стандарт байгаа ч түүнийг иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөхгүй байгаагаас шалтгаалан хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдаж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэдгийг хууль санаачлагчид онцолж байна. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөл 8 бүлэг, 36 зүйлтэй байх юм.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар 2022 онд барилга, эрүүл мэнд, хүнс, аялал жуулчлалын салбарын 2,000 гаруй стандартад үзлэг хийж олон улсын жишигт нийцсэн эсэхийг судлахад 159 стандартыг хүчингүй болгох, 1,067 стандартыг олон улс, бүс нутгийн жишигт нийцүүлэн шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Дүгнэлт гарснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрөхөд 204 стандарт, 20 хүрэхгүй хувийг шинэчлэн баталжээ. Харин үлдсэн 80 орчим хувийг шинэчлээгүй өнөөдрийг хүрсэн байна. Энэ нь эрүүл мэнд, барилга, хүнс, аялал жуулчлалын салбар дэлхийн хөгжил дэвшил, технологи, инновациас хоцорч, худалдаан дахь саад тотгорыг арилгахад сөргөөр нөлөөлж байгааг хуулийн төсөл санаачлагчид хэлж байна.

С.Амарсайхан Монгол Улсын Шадар сайд: Стандартын хэрэгжилтийг мөрдүүлэх, хянах тогтолцооны нэг хэсэг нь олон улсын шаардлагад нийцсэн лаборатори боловч өнөөгийн байдлаар үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сорилтын лабораториудын барилга, байгууламж, хүчин чадал, тоног төхөөрөмж, урвалж бодисын хангалт, хүний нөөцийн чадавх муу байгаагаас бүх салбарын лабораторийн бодлого, тогтолцоо алдагдаж, стандартын хэрэгжилт алдагдахад хүрсэн.Тиймээс стандарт, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн үйл ажиллагаагаар дамжуулан салбар, салбарын шилдэг технологи, инновацын шинэчлэлтийг нэвтрүүлж, хяналт зохицуулалтын тогтолцоог сайжруулж, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн байна.

С.Батбаатар Стандарт, хэмжил зүйн газрын дарга: Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага стандартчиллын баримт бичгийг сонгон хэрэглэх зохицуулалтыг өөрчилж, стандартыг иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөхөөр заасан. Стандартаар дамжуулан салбарын үйл ажиллагаанд хяналт тавих тогтолцоог бий болгох, стандартыг дагаж мөрдөх соёл хандлагыг төлөвшүүлэхэд хуулийн төслийн гол үзэл баримтлал чиглэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах