Судлаачид хуванцраар хооллодог мөөгөнцрийг илрүүлэв
Германы эрдэмтэд хуванцраар хооллодог мөөгний төрөл зүйлийг олж илрүүүлсэн ба энэ нь цаашлаад жил бүр далайд хаягддаг сая сая тонн хогнуудын асуудлыг шийдэх гол итгэл найдвар болно хэмээн үзээд байна. Гэхдээ энэхүү мөөгөнцөр зөвхөн гол асуудлын харьцангуй бага хэсгийг л шийдэх магадлалтай хэмээн анхааруулсан юм. Тийм ч учраас бид хоолны сав болон бусад хог хаягдлыг багасгах шаардлагатай хэвээр байгаа билээ.
Германы зүүн хойд хэсгийн Стехлин нуурт орших бичил мөөгөнцөр нь нүүрстөрөгчөөс өөр хольцгүй зарим хуванцар дээр хэрхэн үржиж байгааг судалж үзэхэд тэдгээрийн зарим нь синтетик полимерийг задлах чадвартай болохыг тодорхой харуулсан гэж судалгааны багийн ахлагч хэллээ.
Лейбницийн цэнгэг усны экологи, гүний загас агнуурын хүрээлэнгийн судалгааны багийн ахлагч Ханс-Питер Гроссарт "Бидний судалгааны ажлын хамгийн гайхалтай олдвор бол бидний илрүүлсэн мөөгөнцөр зөвхөн зарим синтетик полимер дээр ургадаг, тэр ч байтугай биомасс үүсгэдэг явдал юм." гэж мэдэгдэл байна.
Гроссарт нь хуванцар устгагч бичил биетнийг бохир ус цэвэрлэх байгууламж эсвэл хог хаягдал ихтэй үйлдвэрлэл бүхий бусад байгууламжид ашиглаж болно гэж үзэж байна. Гэсэн хэдий ч мөөгөнцөр нь дэлхийн хог хаягдлын асуудлыг зогсоох үр дүнтэй шийдэл байх магадлал багатай юм.
Гроссарт хэлэхдээ "Бид байгальд аль болох бага хуванцар гаргахыг хичээх хэрэгтэй. Хуванцар нь чулуужсан нүүрстөрөгчөөр хийгдсэн бөгөөд хэрэв мөөгөнцөр задрах юм бол бид газрын тос, хийг шатааж, нүүрстөрөгчийг агаар мандалд ялгаруулдагтай адил зүйл юм."
Судлаачид мөөгөнцрийн хуванцрыг задлах чадвар нь хүрээлэн буй орчинд тархсан асар их хэмжээний хуванцар нүүрстөрөгчтэй дасан зохицож эхэлснээс шалтгаалсан гэж үзэж байна. Түүгээр ч зогсохгүй тэдгээрийн ферментийн үйл ажиллагаа нь температур эсвэл микроэлемент зэрэг гадны нөхцөл байдлаас ихээхэн хамаардаг.
“Plastic Europe” гэх хуванцар үйлдвэрлэгч компаниас гаргасан мэдээлэлд дэлхий даяар 1950 онд нийт 1,7 сая тонн хуванцар үйлдвэрлэсэн бол 2021 онд 390 сая тонн болж огцом өсчээ. Үүнийгээ дагаад хог хаягдлыг дахин боловсруулах нь сүүлийн жилүүдэд ихэссэн боловч, дэлхий даяарх хуванцруудын 10-иас доош хувийг л дахин боловсруулжээ.
Эх сурвалж: The Hindu
Бэлтгэсэн: О.Янжинлхам
Сэтгэгдэл үлдээх