Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана барих ажлыг эхлүүллээ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын тендерийг нээлттэй сонгон шалгаруулсан. Тендерт шалгарсан “Билгүүн Монгол констракшн” ХХК-тай энэ сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан бөгөөд өнөөдрөөс Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барих ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар газар дээр нь ажилласан юм.
Тэрбээр “Төрийн байгууллага, албан тушаалтны хайхрамжгүй, санаатай үйлдлээс шалтгаалж сүүлийн 20 орчим жилийн хугацаанд голын сав дагуу хууль бусаар газар олгодог байсны тод жишээ Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан S'Outlet худалдааны төв. Сэлбэ голын урсцыг 3.5 метр ч хүрэхгүй болтол нь боомилж, барилга барьснаас өнгөрсөн жил үер болж иргэд, ААН-үүд хохирсон. Иймээс ААН-үүдтэй хэлэлцээр хийж, худалдааны төвийг буулгаж, нүүлгэн шилжүүлсэн уг газар дээр 1.5 км урт үерийн далангийн байгууламж барих зураг төсөл хийгдсэний дараа тендер зарлаж "Билгүүн Монгол Констракшн" ХХК шалгараад өнөөдөр үерийн даланг өргөсгөх, бетоноор бэхжүүлэх, голын урсцыг нэмэгдүүлэх, ойр орчмын тохижилтыг хийхээр ажилдаа орлоо. Баянзүрх, Сүхбаатар дүүргийн иргэдээс үерийн далангаа хурдан барихгүй байна гэсэн гомдол ирсэн. Үерийн даланг бэхжүүлэх, хүчитгэх ажлыг хоёр сарын дотор хийж дуусна гэдгийг хэлье” гэв.
Сэлбэ голын голдирлын урсцыг нэмэгдүүлэх 1.5 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг хийх юм. Уг далан нь Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл үргэлжлэх бөгөөд ирэх наймдугаар сарын 20-нд улсын улсын комисст хүлээлгэж өгнө.
“Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн төслийн удирдагч Р.Дамба “Манай компани түшиц хана, далангийн ажлын олон жилийн туршлагатай. Өнөөдрөөс бэлтгэл ажлаа 100 хувь ханган, нийт гурван төрлийн 17 техник оруулаад “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барих ажлыг эхлүүлж байна” гэлээ.
Сэтгэгдэл үлдээх