Сү.Батболд: Гүтгэдэг, бохир технологийг хэн, хаанаас явуулж байгаа нь тодорхой боллоо
УИХ-ын чуулганы өнөөдөрийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Сү.Батболд дараах үгийг хэлэв.
УИХ-ын гишүүн Сү.Батболд: Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч, шударга ёсны бэлэг тэмдэг байх ёстой Ерөнхийлөгч чуулганы индэр дээрээс намайг Оюу толгойн гэрээтэй холбож гүтгэлээ. Оюу толгойн гэрээг байгуулахад би Ерөнхий сайдаар ажиллаж байгаагүй. Харин манай Засгийн газар хийгдсэн байсан Оюу толгойн гэрээг сайжруулах хоёр зүйл хийсэн юм. Нэгдүгээрт, Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг 9.9 хувь байсныг 6.5 болгон бууруулах өөрчлөлтийг хувь нийлүүлэгчдийн гэрээнд хийж өгсөн. Хоёрдугаарт, давхар татварын гэрээг нь 0 байсныг 20 хувьд хүргэж Монгол Улсын эрх ашгийг сайжруулах өөрчлөлт хийсэн. Өөр ямар ч холбоо байхгүй. Харин төрийн ажил хийж байхдаа төсөв, тендерээр Засгийн ажилд нөлөөлж, хийлгэж байсан удаагүй.
Ер нь монгол төр нээлттэй хариуцлагатай хууль дүрмээ барьж байх ёстой. Бие биенээ хардах эрх бий. Тийм учраас энэ Оюу толгойн гэрээ, Тавантолгойн төсөл, Төмөр замын төслийг нээлттэй шалгаж, ард түмэндээ танилцуулж байж буруутай этгээдийг шийтгэдэг байх тогтолцоонд зайлшгүй шилжих шаардлагатай байна. Миний хувьд төрөөс хулгай хийж амьдрах ямар ч шаардлага байхгүй. 30 гаруй жил хувийн бизнесээ байгуулчихаад биеээ засчихаад төрдөө ажлаа хариуцлагатай ажиллаж байгаа.
Тавантолгойн орд газрын эрхийг эзэмшиж байснаа ард түмэнд өгч 1072 хувьцааг ард түмэндээ өгөх шийдвэрийг гаргаж байсан Засгийн газрын тэргүүн. Энэ Засгийн газарт одоогийн төрийн тэргүүн ажиллаж л байсан. Яривал өчнөөн зүйл бий. Дараа нь дэлгэрэнгүй ярих болно.
Монголчууд өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж бусдын толгой дээрх өвсийг хардаг гэдэг шиг өөрөө алдаа хийчихээд бусад руу чихэж, гүтгэлэг хийж байгааг эсэргүүцэж байна.
Сүүлийн өдрүүдэд намайг гадны хувийн бизнестэй хардсан, Оюу толгойтой холбосон зохиол, гүтгэлгийг гадны хувийн байгууллагаар хийлгээд олон улсын шүүхэд өгөөд надад танилцах эрхийг нь өгөхгүйгээр хоёр сар нуусан хэрнээ гадна дотны хэвлэлээр цацаж, харлуулах бохир технологийг ашиглаж байгаа нь хэн, хаанаас явуулж байгаа нь тодорхой боллоо.
Тусгаар улсад хууль хяналтын байгууллага байгаа. Гэтэл үүнийг хөндлөнгийн байгууллагаар шалгуулаад, маш нууц гэж дарамтлаад сууж байгаа нь байж болшгүй зүйл.
Ардчилсан тогтолцоо руу явах уу дарангуйлал руу явах уу гэдгийг сонгох хариуцлагатай цаг үед Монгол Улсын Ерөнхий сайдыг зөв алхам хийж байна гэж харж байна.
Э.МӨНХ
Сэтгэгдэл үлдээх