ТАНИЛЦ: Сонгууль 2024 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн статистик
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2024 оны ээлжит сонгууль хоёрхон хоногийн дараа /2024.10.11/ болох гэж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 12 нам, эвсэл оролцож байгаа бөгөөд тэдгээрээс аймаг нийслэлд 1992, сум, дүүрэгт 15283 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.
Энэ удаагийн сонгуульд 17.277 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас 1992 нь аймаг, нийслэлд нэр дэвшиж байгаа бол 15.285 нь сум дүүрэгт нэр дэвшиж байна. Нийт нэр дэвшигчдийн 67.6% нь эрэгтэй бол 32.4% нь эмэгтэй байна. Тэгвэл аймаг, нийслэлд нэр дэвшиж байгаа хүмүүсийн 74.2% нь эрэгтэй, 25.8% нь эмэгтэй байгаа бол сум, дүүрэгт нэр дэвшиж байгаа хүмүүсийн 66.7% нь эрэгтэй, 33.3% нь эмэгтэй нэр дэвшигч байгаа аж.
Сонгуулийн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байдаг. Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.3-т "Орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна" хэмээн заасан байдаг.
Сонгогчийн саналыг тухайн өдрийн 07:00-20:00 цаг хүртэл авах бөгөөд оройн 20:00 цагт сонгогчийн бүртгэл зогсох юм.
Сонгогчдын саналыг өгөх дарааллын тухайд:
- Иргэний бүртгэлийн итгэмжилсэн ажилтан сонгогчийн гарын хурууны хээг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган үзэж, зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.
- Хэсгийн хорооны гишүүнд сонгогчийн бүртгэлийн хуудсыг өгч саналын хуудас хүлээн авна.
- Саналын хуудас аваад сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зурна.
- Санал бэлтгэх бүхээгт очиж, саналын хуудаст бичигдсэн зааврын дагуу тэмдэглэгээ хийнэ.
- Саналаа өгөхдөө өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн өмнөх дугуйг тусгай тэмдэглэгээний үзэг ашиглан дүүргэн будна.
- Тойрогт ногдох мандатын тооноос илүү нэр дэвшигчийн санал тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцно.
- Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтсанд хийж, санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.
Сонгуулийн ерөнхий хорооноос Орон нутгийн сонгуультай холбоотой гаргасан статистик мэдээллийг хүргэж байна.
Сэтгэгдэл үлдээх