Татвар: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд 394.6 тэрбум төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлжээ
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Монголын татварын алба нийтдээ 92 чиг үүргийг хэрэгжүүлдгээс чухал шаардлагатай 17 чиг үүргийг хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны тасралтгүй байдлын төлөвлөгөө” –г хэрэгжүүлэн ажиллалаа. Нийт албан хаагчдын 95 хувь гэрээсээ ажиллаж, гамшгийн удирдлагын баг болон зайлшгүй ажиллах мэргэжилтнүүд ажлын байрнаас ажиллалаа. Татварын удирдлагын нэгдсэн системийг 2019 оноос үйл ажиллагаандаа нэвтрүүлсэнтэй холбоотойгоор нийт 48 төрлийн үйлчилгээг цахимаар үзүүлэн ажиллав. Мөн татварын зөвлөгөө өгөх 1800-1288 дуудлагын төвийг гэрээр ажиллаж байгаа байцаагчдаар нэмэгдүүлэн татвар төлөгчдөд цаг алдалгүй зөвлөгөө, тусламж үзүүллээ. Мөн татварын хэлтэс бүр үйлчилгээний чиглэлийн дагуу харилцах цонх нээн сошиал сувгаар татвар төлөгчид шууд үйлчиллээ.
Татварын орлогын гүйцэтгэлийн мэдээ
Өнгөрсөн хугацаанд 394.6 тэрбум төгрөгийн татварын орлого төсөвт оржээ. Үүнээс улсын төсөвт 307.7 тэрбум төгрөг, Нийслэл, дүүргийн төсөвт 52.3 тэрбум төгрөг, аймгийн төсөв, сумын төсөвт 38 тэрбум төгрөгийн татварын орлого оржээ.
Монголын татварын албаны зүгээс хорио цээрийн дэглэмийн үед нийгмийн хариуцлагаа хүлээн татвараа төлж байгаа аж ахуйн нэгжүүдээ олон нийтэд сурталчилан таниулах, талархах зорилгоор өдрийн топ 10 татвар төлөгчийг зарлалаа.
Цахим тайлан
Өнгөрсөн хугацаанд гуравдугаар улиралын ААНОАТ-ын тайлангаа аж ахуйн нэгжүүд 100 хувь ирүүлжээ. ХХОАТ-ын тухай хуулийн дагуу Суутган -1 тайлангийн мэдээний ирц 57,5 хувьтай байна. Харин НӨАТ-ын 10 дугаар сарын тайлангын ирц 84,2 хувь байсан бол 11 дүгээр сарын тайлангийн ирц 80,9 хувьтай байна.
Цахим үйлчилгээ
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед 227 890 иргэн цахимаар татварын үйлчилгээ авсан байна. Тодруулбал, шинээр татвар төлөгчөөр 111 аж ахуйн нэгж, 14525 хувь хүн бүртгүүлсэн. Татвар төлөгчдөөс22,674 хүсэлт ирж үүнээс 18,256 хүсэлтийг шийдвэрлэжээ. Лавлагаа тодорхойлолтыг 8721 хуулийн этгээд, 13448 иргэн авчээ.
Утсаар зөвлөгөө өгөх 1800-1288 дугаарт ирсэн дуудлагын дагуу 23,861 татвар төлөгчид зөвлөгөө өгчээ. Нийслэл, аймаг, дүүргийн хэлстүүд өөрийн албан ёсны хаягаар иргэдэд үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.
Сэтгэгдэл үлдээх