Цэс Close

Татвар төлөгчдийн нурууг тэнийлгэх “Таван Ш” төлөвлөгөө

БНХАУ авлигатай тэмцэх ажлаа “Үнэгний ав” хэмээн нэрлэж байлаа. Тус улс “үнэгнүүд”-ээ амжилттай авлаж, авлигачиддаа хатуу хариуцлага тооцсон. Манай улс үүнтэй адилаар авлигатай тэмцэх “Таван Ш” хэмээх төлөвлөгөө боловсруулаад байна. Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа энэхүү төлөвлөгөөгөө танилцуулж, 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж байгаагаа дуулгалаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Авлигатай тэмцэх чиглэлээр "Таван Ш" төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр болж Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарт үүрэг өглөө.
Нэгдүгээрт, “Шүгэл үлээх” үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хаврын чуулганаар яаралтай батлуулна.
Хоёрдугаарт, “Шүүр” хэмээх ажиллагаааг зохион байгуулна. Улс төрийн болон нийтийн албанд ажиллаж байгаа орлогоосоо давсан хэрэглээтэй, орлогоо нотолж чаддаггүй хүмүүсийг ажлаас нь чөлөөлж, шүүрдэн хөөх ажлыг зохион байгуулна. Мөн авлига албан тушаалын хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийн хэргийг шалгах үйл ажиллагааг хүний эрхийн зөрчил гаргалгүйгээр эрчимжүүлнэ.
Гуравдугаарт, “Шувуу” ажиллагааг зохион байгуулна. Сонсогдох байдал нь хүмүүст содон байгаа байх. Энэ ажиллагааны хүрээнд авлига албан тушаалын гэмт хэргээс зугтсан, оргон зайлсан гадаадад байгаа этгээдүүдийг эрх зүйн туслалцааны хамтын ажиллагааны хүрээнд авч ирж шалгана.
Дөрөвдүгээрт, “Шилжүүлэн авах” ажиллагаа. Энэ бол гадаадад нуусан хууль бус хөрөнгө, орлогыг шилжүүлэн авах ажиллагаа. Мөн гэмт хэргийн замаар хураагдсан орлого, эд хөрөнгийг хэрхэн улсын орлого болгож яаж зарцуулах чиглэлээр хууль батална.
Тавдугаарт, “Шилэн байх” ажиллагааг зохион байгуулна. Энэ хүрээнд төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн засаглалыг оны эхний хагаст сольж сайжруулна. УИХ дээр хэлэлцэх эсэхийг нь дэмжээд буй Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн хуулийг яаралтай батлуулна. Төрийн өмчит компанийн бүр дээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулж ТУЗ, гүйцэтгэх удирдлагыг нь томилно " гэсэн юм.
Засгийн газар “Таван Ш” ажиллагааг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улсын ДНБ-ийг 55 их наядад хүргэх боломжтой гэж үзжээ. Нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам.доллароос дээш гарна гэсэн үг. Энэхүү төлөвлөгөөг гаргаж, 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлах тогтоолыг боловсруулахдаа авлигатайгаа амжилттай тэмцэж үр дүнд хүрсэн улс орнуудын туршлагыг судалжээ. Олон улсын туршлагад гурван чухал зүйл байдаг байна.
Нэгдүгээрт, авлигатайгаа тэмцэх чин хүсэл эрмэлзлэл. Энэ бол манай улсад бий. Эрх баригч намын дарга бөгөөд Ерөнхий сайд тэргүүтэй улстөрчид авлигачдаасаа салахаар идэвхийлэн ажиллаж байгаа. Ингэхдээ хүний өөрийн нам гэж ялгахгүйгээр гэм буруутай улстөрчдөд хариуцлага тооцох ажиллагааг эхлүүлээд байна. Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүс бултах газаргүй болж эхнээсээ УИХ, Засгийн газрын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж эхэллээ.
Хоёрдугаарт, олон нийтийн дэмжлэг. Манайд хамгийн их байгаа зүйл бол олон нийтийн дэмжлэг. Олон нийт авлигачдад хариуцлага тооцуулахыг зүгээр нэг дэмжээд зогсохгүй, хүсэл мөрөөдлөө болгосон. Авлигатай тэмцэхэд олон нийтийн дэмжлэг ихдэнэ үү гэхээс багадахгүй. Татвар төлөгчид авлигач, хулгайчдын өмнөөс өр төлөх, боломжоо хулгайлуулахаас аль хэдийнэ залхсан.
Гуравдугаарт, чадварлаг хууль сахиулах тогтолцоо. Харин манайд хамгийн их эргэлзээ төрүүлдэг зүйл бол энэ. Иргэдийн шүүхэд итгэл итгэл тийм ч өндөр биш. Гэхдээ сүүлийн жилүүдэд хууль шүүхийн тогтолцоог сайжруулж, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийсэн. Энэ чиглэлээр Үндсэн хуульдаа ч өөрчлөлт оруулсан.
Ер нь манай улсад авлигачидтайгаа хариуцлага тооцох зайлшгүй шаардлага, хүсэл тэмүүлэл, дэмжлэг, нийгмийн сэтгэл зүй гээд ёстой жинхэнэ хувьсгалын тохироо нь бүрдээд байна. Тэгэхээр хэрэгжүүлж л чадвал Засгийн газрын “Таван Ш” төлөвлөгөө амжилт олно гэдэгт бүгд итгэж байгаа. Өнгөрсөн сарын 31-нд “Транспэрэнси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил болгон зарладаг улс орнуудын авлигын индексийг танилцуулсан. Монгол Улс авлигын индексээр 2012 оноос хойш авах ёстой 100 онооноос 35-39 оноогоор үнэлэгдэж ирсэн. Харин сүүлийн гурван онд дараалан хамгийн багаар буюу 35 оноогоор үнэлэгдсэн нь тааруухан үзүүлэлт юм. 2022 онд 35 оноогоороо монгол улс 180 улсаас 116 дугаар байрт бичигдсэн. Манай улс энэхүү жагсаалтад байраа ахиулж хоёр оронтой тоо руу орох тухай яриад удаж байгаа. “Таван Ш” төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл хоёр оронтой тоо руу орох нь холын мөрөөдөл байхаа болих биз ээ.

Б.НОМИН

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах