УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.07.29) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд Шэнь Миньжюань, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжигийн баярын мэндчилгээг уламжлав. Тэрбээр, хөрш хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, олон намын оролцоог хангасан ардчилсан парламентын сонгуулийн дүнд Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй Улсын Их Хурал байгуулагдсан бөгөөд цаашид парламентын ардчиллыг бэхжүүлэх, Улсын Их Хурал дахь улс төрийн намуудын төлөөллийг мэргэжлийн институц болгон хөгжүүлэх, мөн эрх зүйн шинэчлэл хийх нь бидний зорилт юм гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд байгуулсан хамтын ажиллагааны байнгын механизмын үйл ажиллагааг эрчимжүүлж, Байнгын хороод хоорондын хуралдааныг тогтмол зохион байгуулахад анхаарч ажиллана гэв.
Монгол, Хятад улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жилийн ой, Монгол, Хятадын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсний 10 жилийн ой 2024 онд тохиож байна.
Сэтгэгдэл үлдээх