“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил”: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хувийн хэвшлийн орон зайг нээж өгнө
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлэг “Дэд бүтэц-Төр хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Улаанбаатар хотын суурь мэдээлэл, өнөөгийн дэд бүтэц, төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар мэдээлэл өглөө.
Цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд 7-8 хувиар өсөн нэмэгдэж байна
Улаанбаатар хотын дэд бүтцийн өнөөдрийн нөхцөл байдлыг танилцуулбал, дулааны эрчим хүчний хэрэглээ нь станцуудын суурилагдсан хүчин чадлаас 67 хувь хэтэрсэн, цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан, үерийн далан сувгийн шугам хоолойн 24-67 хувь нь ашиглалтын хугацаа дууссан байна. Дулааны цахилгаан станц II, III, IV болон “Амгалан” дулааны станц нийтдээ 13.450 гаруй барилга, байгууламжийг дулаанаар хангадаг. Тэгвэл Улаанбаатар хотод жилд дунджаар 221-244 МВт хэрэглээ бүхий 300 орчим барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбогдож байна. Үүнээс үүдэн цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд 7-8 хувиар өсөн нэмэгдэж байна.
2040 он хүртэл одоо байгаа эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр цахилгаан эрчим хүчний эх үүсвэр барьж, үйлдвэрлэх эрчим хүчний чадлыг 3989 МВт хүргэхээр төлөвлөсөн. 2028 онд Бөөрөлжүүтийн 300 МВт-ын хүчин чадалтай цахилгааны станц, Багануурын 400 МВт-ын цахилгаан станц барих төсөл, дэд өртөө, шугам сүлжээний бүтээн байгуулалтад 6.6 их наяд төгрөг шаардлагатайг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг хэллээ.
Мөн 2028 онд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нийт найман байршилд барихаар төлөвлөсөн. Тодруулбал, 75 МВт хүчин чадалтай усан цэнэгт нөөцлүүр нэг байршилд, 100 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц гурван байршилд, 150 МВт хүчин чадалтай цахилгаан нөөцлүүр нэг байршилд, хог шатаах эх үүсвэр гурван байршилд барихаар төлөвлөсөн байна.
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг үйлдвэр, аж ахуй, орон сууцны салбарт түлхүү ашиглана
Хэлэлцүүлгийн үеэр төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг үйлдвэр, аж ахуй, орон сууцны салбарт түлхүү ашиглана. Харин төсвийн шинжтэй хөрөнгө оруулалт нь бүхэлдээ дэд бүтцийн хөгжил, хот тохижилтод зарцуулагдана. Хотын эдийн засгийг цаашид хөгжүүлэхдээ төрөөс хууль эрх зүйн орчин болон дэд бүтцийг хөгжүүлсний үндсэн дээр түүнд тулгуурлан хувийн хэвшил үйл ажиллагаагаа явуулна гэж тооцсон. Өнөөдрийн танилцуулж буй хуулийн төслийн шинэчлэл нь хувийн хэвшлийн орон зайг нээж өгнө гэж харж байна” гэв.
Хэлэлцэж буй сэдвийн хүрээд оролцогчид дараах саналыг хэллээ.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх:
-Эрчим хүчтэй холбоотой томоохон төслүүд санхүүгийн хүндрэлээс болж гацдаг. Тухайлбал, эрчим хүчний эх үүсвэрийн найман төсөлд 53 их наяд хэрэгтэй байна. Энэ төсөв огт шийдэгдээгүй. Үүнийг төр хийх ёстой ч санхүүгийн боломжгүйг бүгд мэдэж байгаа. Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт бага байна. Энэ нь үнэ тарифтай холбоотой. Үүнийг либералчлах хэрэгтэй. Ингэснээр олон асуудал шийдэгдэнэ.
НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа:
-Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг шийдэхийн тулд бүсчилсэн хөгжлийг ярих цаг болсон. Энэ ажлыг цаасанд буусан хоосон тунхаг болголгүй, бүсчилж хөгжүүлэхдээ ногоон эдийн засаг, ногоон үйлдвэрлэлийг дэмжих, эко системийн тэнцвэртэй байдлыг хадгалахдаа анхаарах хэрэгтэй хэмээв.
Сэтгэгдэл үлдээх