Улсаас тэтгэмж авахын тулд 10 жил сохор болж жүжиглэжээ
Италийн Калабриа бүс нутагт оршин суудаг 67 настай нэгэн эр улсаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог тэтгэмж авахын тулд 10 жилийн турш сохор болж жүжиглэсэн нь илэрчээ.
Тэрбээр жилдээ нэг удаа хар шил зүүж, таяг тулж албаны хүмүүстэй уулзаад хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмжийнхээ хугацааг сунгуулдаг байсан гэнэ. Үүнийгээ үнэмшилтэй болгохын тулд браиль үсэг хүртэл сурсан байна. Ингээд бүтэн 10 жил улсыг “хулхидсан” ч эцэстээ хэрэг нь илэрч, одоо шүүхэд дуудагдаад буйн зэрэгцээ нийтдээ 160 мянган евро буюу өнөөдрийн Монгол банкны ханшаар 553 сая 600 мянган төгрөг улсад буцааж тушаах ёстой болжээ.
Түүнийг яаж илрүүлсэн бэ гэвэл автомашинаараа зугаалах их дуртай гэнэ. Жолооны үнэмлэхийн хугацаа нь дуусгавар болсон учир сунгуулахаар албаны газарт өгтөл “Энэ хүн жолоо барьж болохгүй” гэсэн хариулт иржээ. Үүнийг нь Цагдаагийн газар шалгаад үзтэл хараагүй хүн гэсэн баримт гараад ирж. Тиймээс Санхүүгийн цагдаад тэр даруй мэдэгдэж, дахиж хууртахгүй гэсэндээ автомашиндаа суугаад явах замд нь зогсоож, хэргийг газар дээр нь илрүүлжээ.
Р.Гэгээ
Сэтгэгдэл үлдээх