Халамжид хамрагдах хүүхдийн мөнгө нийт хүүхдийн 91 хувийг хамарч байна

Ойрын өдрүүдийн шуугиан болоод байсан сэдэв бол хүүхдийн мөнгө. Засгийн газраас 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд буюу 1.139.000 хүүхдэд олгохоор төсөвт суулгасан. Өнгөрсөн жилүүдэд хүүхэд бүр авч байсан мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгох шийдвэр гарсан байдаг. Өчигдрийн байдлаар нийт хүүхдийн 87 хувьд нь хүүхдийн мөнгө олгогдчихоод байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Нэг сая 95 мянга 352 хүүхдэд өнөөдөр мөнгө нь шилжсэн. Энэ нь нийт хүүхдийн 87 хувь. Үлдсэн 43820 хүүхдийн хувьд мэдээлэл давхардсан, зөрүүтэй зэрэг асуудлыг арилгасны дараа дансанд нь шилжүүлнэ" гэсэн юм. Тэгэхээр удахгүй үлдсэн 4 хувьд хүүхдийн мөнгө орох нь. Харин энэ сэдэв дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан таг чимээгүй байгаа бөгөөд бараа сураг нь харагдсангүй. Нүүрсний хэрэгтээ анхаарлаа хандуулаад мань хүн амиа хоохойлж сайдын ажлаа анзаарахгүй яваа юм биш биз. Нохойд барьдаг мод шиг сав л хийвэл Сангийн сайд Б.Жавхлан гарч ирээд мэдээлэл өгөх юм. Угтаа хүүхдийн мөнгөний асуудал дээр гарч ирж мэдээлэл хийгээд байх субьект Сангийн яам биш л дээ.
Угтаа ФАТФ-аас хүүхдийн мөнгийг халамж гэж үзэж, Монгол Улсыг саарал жагсаалтад орох үед хавтгайрсан халамжийн асуудалдаа анхаарахыг зөвлөсөн. Энэ утгаараа Нийгмийн халамжийн тухай хуульд хүүхдийн мөнгийг нийгмийн халамжийн тэтгэмж гэж заасан. Тэтгэмж учраас зорилтот бүлэгтээ олгогдох нь ойлгомжтой. Гэтэл манай улс хүүхдийн мөнгийг халамжийн бодлого гэж хуулиндаа үзэж байгаа хэдий ч өнөөгийн Засгийн газар нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгийг тарааж байна. Нэг ёсондоо хүүхдээс мөнгө харамлахгүй гэж хэрэндээ л хичээсэн байна. Энэ бол сайшаалтай хэрэг. Үнэн хэрэгтээ монголчуудын цөөнгүй хэсэг нь хүүхдийн мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг жишээ олныг сөхөж болно. Тиймээс төр, засгаас энэ мөнгийг хуулиндаа халамж гэж заасан ч нийт хүүхдийн 91 хувьд олгож байгаа нь нэг талаар ядуурал газар авсан өнөө цагт олон хүнийг тэжээх тэтгэмж болж байна. Бусад улс орон иймэрхүү тэтгэмжийг олгож, төрөлтийг дэмждэг. Хэрвээ төрөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлэхийг хүсвэл хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэгтэй ч олон хүн санал нийлдэг.
Сэтгэгдэл үлдээх