Хатуу хөл хорионы үед захирамж зөрчин 34 иргэн, байгууллага үйл ажиллагаа явуулж байжээ
Нийслэлийн нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд НМХГ-ын 206 улсын ахлах байцаагч, алба хаагчид хүнсний худалдааны /давхардсан тоогоор/ 14976, хүнсний 50 үйлдвэр, эмийн сан 873, бусад 88, нийт 15987 газрыг шалгалаа. Мөн цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн, санамж, зөвлөгөө өгч, 6860 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд зөвлөмж хүргүүлсэн. Захирамжийн хүрээнд спиртийн өндөр агууламжтай /18 хувиас/ дээш архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн хэрэгжилтийг хангуулан архи, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй нийт 3740 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.
Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй нийт 1486 зөрчлийг илрүүллээ. Эдгээрийн 843 буюу 56.7 хувь нь үйлчлүүлэгч, иргэдийн хөдөлгөөний QR кодын бүртгэлд тавих дотоод хяналт хангалтгүй, халуун хэмжигч төхөөрөмж нь ажиллаагүй, үйлчлүүлэгчийн халууныг тогтмол хэмжээгүй, хүн хоорондын зай бариагүй байв. Зөрчлийг газар дээр нь арилгуулж, байгууллагын зүгээс тавих дотоод хяналтыг сайжруулан, худалдааны газрын тусгай нөхцөл шаардлагыг хангуулж ажиллах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Хяналт, шалгалтын явцад захирамж зөрчин үйл ажиллагаа явуулсан 34 иргэн, байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Тодруулбал, гар утас, цахилгаан бараа, алт мөнгөний дарханы гурван лангуу, найман дугуй засвар, хоёр авто засвар, найман ТҮЦ, барилгын материалын долоон дэлгүүр, тавилгын нэг үйлдвэр, хоолны дөрвөн газар, сувиллын нэг газар байгаа юм.
Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай 42 заалт бүхий улсын ахлах байцаагчийн 11 албан шаардлага хүргүүлж, 14 хуулийн этгээд, зургаан хувь хүнд торгуулийн арга хэмжээ авч, 26 аж ахуйн нэгж, таван иргэний хүнсний худалдааны газарт худалдаалж байсан хадгалах хугацаа дууссан 69 нэр төрлийн 455 хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгууллаа.
НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР
Сэтгэгдэл үлдээх