Цэс Close

Хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй дүрмийн бус харилцаанд өртөж байсан

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг УИХ-д танилцуулаад байна.
Энэхүү тайланд цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны өнөөгийн нөхцөл байдал, илэрч буй хэлбэр, түүний шалтгаан нөхцөлийг талаар дурьджээ. Судалгаанд оролцсон хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртөж байсан гэж хариулжээ.
Судалгаанд оролцсон хугацаат цэргийн алба хаагчдаас тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй, ядраах, өвдөлт мэдрүүлэхэд чиглэгдсэн цэргийн дүрмийн бус аливаа үйлдлийн талаар тодруулахад дараах үйлдлүүдийг нэрлэжээ.
Үүнд: цохих, зодох, унтлагын цагаар босгож гүйлгэх, хөл нүцгэн гаргах, бэлтгэл сургуулилалтын цагийг уртасгах, хугацаагүй жагсаалын бэлтгэл хийлгэх, халуун үед эсхүл өдрийн турш удаан хугацаагаар номхон командтай зогсоох, бууны гох буцаах, гуяны махтай цохих, ус өгдөггүй эсвэл бөөлжтөл хоол, ус ихээр өгөх, хооллосны дараа суниалгах, аранз үүрүүлж гүйлгэх, нударга дээр нь гар тулж хэвтүүлэн цээж, бөгс рүү нь өшиглөх, өвдөлт мэдрүүлэхэд чиглэгдсэн үйлдэл хийх зэрэг бие махбодын шинжтэй дүрмийн бус харьцаа байдаг гэдгийг дурджээ.
Тохиолдол 1: 2021 оны .. дугаар сарын ..-ны өдөр унтлагын цаг болчихсон бүх цэргүүд амрах гэж байхад дэслэгч ... нэлээд согтуу орж ирээд соёл амралтын өрөөнд нэр бүхий 15 цэргүүдийг хоёр эгнээ болгон суулгаж байгаад яриа хийсэн. Нүүрэн талын эгнээнд талийгаач сууж байсан ба дэслэгч ...хуруугаараа зааж босох команд өгсөн тэгээд нэг шанаа авч чадах уу гэж талийгаачаас асуусан боловч талийгаач дуугүй зогсоод байсан гэтэл элгэн тус газар 2-3 удаа хүчтэй цохиод, тонгойх зуур нүүрэн тус газар хөлөөрөө цохисон, талийгаач босоод ирэхэд нь дахин нүүр рүү нь хүчтэй 2-3 удаа цохих үед хойшоо унаад дахиж босож ирээгүй. Ингээд 10 минутын дараа эмч дуудсан. Дэслэгч ... өмнө нь согтуу хэд хэдэн удаа цэргийн анги байрлал дээр явж байдаг байсан... (Зэвсэгт хүчний ... дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчидтай хийсэн ярилцлагаас)
Тохиолдол 2: Манай дарга нар ч их бүдүүлэг, ёс суртахуунгүй ш дээ... бүдүүлэг, бүдүүлэг үг хэлнэ, хүнийг янз бүрийн нэр хоч өгч дуудна, хэл амаар доромжилно, тэр нэг хачин юм, авгай шиг юм гэх мэтээр сэтгэлээр унатал нь доромжилдог... (Зэвсэгт хүчний ангид ажиллаж буй офицертой хийсэн
ганцаарчилсан ярилцлагаас
May be an image of text
Тохиолдол 3: ...Цэрэгт байхад өргөдөл, гомдол гаргах юм бол ахлагч, офицерууд үздэггүй, хэрэв өргөдөл, гомдол гаргах юм бол өөртөө дайсан бэлдэж байна гэсэн үг. Одоо гэртээ эсэн мэнд ирснээс хойш элдэв юм яриад яахав дээ. Манай ахлагч, офицерууд гэртээ хариад гэрийнхээ хаалгаар орсон цагтаа л ард болсон гэж бодоорой гэж хэлдэг байсан... (2019 онд хугацаат цэргийн алба хаасан иргэнтэй хийсэн ярилцлагаас)
Тохиолдол 4: .....Зарим цэргийн анги, байгууллагуудад ХЦАХ-дад зориулсан батлагдсан хуваарьтай, дүрэм журамтай стандарт бүхий дасгал сургуулилалтыг сүүлийн үед “дэглэсэн болчихно” гэсэн үзлийн үүднээс хийлгэхгүй байгаагаас ХЦАХ-чид тэсвэр тэвчээргүй, сулбагар нэгэн болж байгаа хэмээн шүүмжлэлтэй хандаж байв. (Зэвсэгт хүчний ... дугаар ангийн офицер, ахлагчидтай хийсэн бүлгийн ярилцлагын хэсгээс)

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах