Худалдан авалтын баримтын цаасан дахь химийн нэгдлүүдийн хорт нөлөө

BPA гэж юу вэ?
Бисфенол А (BPA, C₁₅H₁₆O₂) нь 1960-аад оноос эхлэн хуванцар болон дулааны цаасны үйлдвэрлэлд өргөн хэрэглэгдэж ирсэн химийн нэгдэл юм. Дулааны цаасны хэвлэлийн явцад принтерийн халуунд идэвхжиж, будагч бодистой урвалд орсноор текст, дүрсийг хурдан, тод, зардал багатайгаар хэвлэн гаргах боломжийг бүрдүүлдэг. Гэвч энэхүү нэгдэл нь хүний биед шингэх тохиолдолд дааврын зохицуулгын системд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
BPA-г орлох Бисфенол S (BPS), Pergafast 201, мочевинд суурьтай бусад бодисууд байдаг хэдий ч өртөг өндөр тул хөгжиж буй орнууд, тэр дундаа үйлдвэрлэгч бус манай оронд өргөн нэвтрээгүй хэвээр байна.
Эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
Хүний бие нь арьс, залгиур, амьсгалаар BPA-ийг шингээдэг ба нэгэнт шингэсэн BPA нь дараах сөрөг нөлөөллүүдийг үүсгэнэ.
- Дааврын тэнцвэрт нөлөөлж, нөхөн үржихүйн асуудал үүсгэдэг.
- Жирэмсэн эхийн ураг, бага насны хүүхдийн хөгжил, тэр дундаа зан үйлийн өөрчлөлт, хэвийн өсөлтөд нөлөөлдөг.
- Дархлааны тогтолцоонд нөлөөлнө.
- Таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчин, зарим төрлийн хорт хавдар зэрэг архаг өвчнүүдтэй хамааралтай гэж үзэх нь бий.
Судалгаагаар ердөө 5 секунд баримтын цаас барихад арьсаар дамжин тодорхой хэмжээний BPA биед шингэдэг нь тогтоогдсон. Мөн гар ариутгагч болон тос хэрэглэсний дараа баримтын цаас барихад бодисын шингээлт мэдэгдэхүйц нэмэгддэг байна.
Манай улсад бүх салбарын худалдааны төв, супермаркет, банк, эмийн сан, шатахуун түгээх станц зэрэг газруудад дулааны цаасыг өргөн хэрэглэж байгаа боловч энэ төрлийн баримт BPA эсвэл BPS агуулж байгаа эсэхийг шалгах ямар нэг зохицуулалт байхгүй байна. Иймээс дэлгүүрийн худалдагч, кассчин, банкны ажилтан зэрэг өдөр бүр олон зуун баримттай харьцдаг хүмүүс хамгийн өндөр эрсдэлтэй бүлэгт багтдаг.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ
Хэрэв та өдөр тутамдаа, удаан хугацаагаар баримтын цаастай харьцан ажилладаг бол дараах зөвлөмжийг дагаарай. Үүнд:
- Баримтын цаастай харьцах үедээ бээлий өмсөж хэвших;
- Гар ариутгагч, гарын тос зэрэг нэвчилтийг дэмждэг бүтээгдэхүүн хэрэглэсэн бол баримтын цаасанд хүрэхгүй байх;
- Ажлын дараа гараа савантай усаар сайтар угаах;
- Ажлын байрны агааржуулалтыг сайжруулж, цонх салхивч нээх, агаар шүүгч ашиглах.
Өдөр тутамдаа хэрхэн сэргийлэх вэ?
- Боломжтой бол цахим баримт сонгож, хэвлэмэл баримтаас татгалзах;
- Хэрэгцээгүй баримтыг даруй устгах, удаан хадгалахгүй байх;
- Баримтын цаас, мөнгөн дэвсгэртийг хүүхдийн гар хүрэх газраас хол байлгах;
- Хооллохоос өмнө, гаднаас орж ирээд гараа заавал угааж хэвшээрэй.
Эх сурвалж: НЭМҮТ
Сэтгэгдэл үлдээх