“Хүйс толгойн бичээс 1” баримтат өвийг дэлхийн өвийн олон улсын жагсаалтад бүртгүүлэв

Монгол Улсын эртний өв “Хүйс толгойн бичээс” болон “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” өвийг Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад бүртгүүллээ.
Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо энэ сарын 2-17-нд хуралдсан ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 221 дүгээр чуулганы шийдвэрээр Монгол Улсаас нэр дэвшүүлсэн эртний монгол хэл бичгийн дурсгал “Хүйс Толгойн Бичээс 1”, “Хүний Бүтэн Биеийн Бүртгэл Бичвэр” баримтат өвийг “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэж баталгаажуулав.
“Хүйс толгойн бичээс” баримтат өв нь МЭ 601 оны үед хамаарах Монгол брахми үсгийн 215 тэмдэгтээр бичсэн 100 үгээс бүрдсэн бичээс юм.
Энэхүү дурсгалыг 1967 онд Булган аймгийн Могод сумын нутаг, Хүйс толгой хэмээх газраас олсон бөгөөд эртний үсэг, бичиг, үг, хэл, нүүдэлчин угсаатан, овогтны түүх, соёл, зан заншил, шашин шүтлэг, тахилга мөргөл, зан үйлийн тухай мэдээлэлтэй нэн ховор өв юм. Мөн Төв Азийн нүүдэлчин үндэстэн монголчууд хамгийн анх өөрийн үг, хэлээ тэмдэглэсэн үсэг, бичигтэй байсан гэдгийн нотолгоо аж.
Харин “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” баримтат өв нь XVIII зууны дунд үеийн өрнөдийн болон дорно дахины уламжлалт анагаах ухааны тухай гар бичмэл юм. Эдгээр бичвэрийг Эртний Монголын анагаах ухааны сургуулиудад ашигладаг бөгөөд манай улсад олдсон анагаах ухааны уран зохиолын хамгийн эртний бичвэрийн нэг юм.
Ташрамд дурдахад, Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад 2011 онд Лу.Алтан Товч, Монгол Шунхан Данжуур, 2013 онд Есөн эрдэнийн Ганжуур, 2017 онд Данжуурын гэрэлт хөшөө, 2023 онд Халхын Цогт Хунтайжийн Хадны Бичээс өвийг тус тус бүртгүүлжээ.
Сэтгэгдэл үлдээх