Цэс Close

ЦЕГ: Хэргийн газраас талийгчийн өөрийнх нь эзэмшилийн галт зэвсэг олдсон ч гэрээслэл олдоогүй

Өмгөөлөгч Г.Батбаяр нас барсан хэргийн талаар ЦЕГ-аас өнөөдөр/2024.04.30/ хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б 2024 оны дөрөвдүгээр сарын 21-нд гэрээсээ гараад ор сураггүй алга болсон гэх гомдлыг түүний төрсөн дүү Н дөрөвдүгээр сарын 25-ны 00:57 цагт тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан.

Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд эхлүүлсэн байна.

Эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Богдхан амралтын газрын гаднах автомашины зогсоол орчмоос иргэн Б-ын унаж явсан улсын дугаартай Toyota Isis загварын машин олдсон.

Хуулийн дагуу хэргийн газрын үзлэгийг автомашинд явуулахад иргэн Б арын суудал дээр нас барсан байдалтай олдсон. Хэргийн газрын үзлэгийг гэрэл зураг, дуу дүрсний аргаар бэхжүүлж авсан байгаа. Цагдаагийн байгууллагын мэргэшсэн алба хаагчид, тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуроруудын хамтаар үзлэгийг зохион байгуулсан.

Хэргийн газрын үзлэгээр хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, сум, хонгио, гар утас болон бусад зүйлийг эд мөрийн баримтыг бэхжүүлэн авч, шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар Шүүхийн Шинжилгээний  Ерөнхий Газарт хүргүүлээд байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б нь галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, өөрийн нэр дээр галт зэвсэг худалдаж авсан болох нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Амь хохирогчийн цогцсын үзлэгийг Шүүхийн Шинжилгээний  Ерөнхий Газарт эрх бүхий албан хаагчдын бүрэлдэхүүнтэй буюу гурав болон түүнээс дээш бүрэлдэхүүнтэй мэргэшсэн шинжээч нар явуулж, энэ үйл ажиллагааны явцыг дүрс, дуу бичлэгээр бэхжүүлж авсан. байгаа.

Хэрэгт амь хохирогчийн төрсөн дүү Н-ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Хууль ёсны төлөөлөгч Н болон түүний өмгөөлөгч Ц-г байлцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.1.1, 8.1.2, 8.1.3, 25.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, мэдүүлэг авсан байгаа. Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоох шинжээч томилсон тогтоолыг танилцуулахад хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй.

Хэрэгт гэрчээс мэдүүлэг авах, амь хохирогч Б-ын маршрутыг тогтоох, хяналтын камеруудын бичлэгт үзлэг хийх, хурааж авах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий алба хаагчид прокурорын хяналт дор явуулж байна.

Мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд өгч байна" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах