Цэс Close

Ц.Оюунгэрэл "Иргэний оролцооны нэгдэл нам" байгуулжээ

Сайд асан Ц.Оюунгэрэл Ардчилсан намын гишүүнчлэлээсээ татгалзах өргөдлөө өгсөн талаар бид мэдээлсэн. Тэгвэл тэрээр шинэ нам байгуулж байгаагаа өөрийн цахим хуудсаар дамжуулан зарласан бөгөөд намын нэр нь "Иргэний оролцооны нэгдэл" нэртэй байх аж. 

Энэ талаар Ц.Оюунгэрэл "Залуучуудад зориулсан шинэ платпормыг үүсгэх хэрэгтэй гэж бодсон. Баруун төвийн үзэлтэй, бүх шатанд нь ялгахгүйгээр оролцуулж чаддаг нам байлгахыг хүсэж байгаа. Иргэн хүнийхээ хувьд анх удаа намын нэр авлаа. Иргэний оролцооны нэгдэл нэрийг надад баталж өгсөн.

Залуучууд өөрийгөө бүртгүүлж, хэн нэгэн хүний “цүнх баригч” байх шаардлагагүй. Гар утаснаасаа намд элсдэг боллоо. Аппликейшнээр бүртгүүлж, хаана байгаагаас үл шалтгаалан намын улс төрийн үйл ажиллагаанд орж, цахим үнэмлэх авах боломжтой. Арван хоногийн турш сууж, намын дүрмээ боловсруулсан” гэсэн юм. 

Мөн тэрээр "Иргэний оролцооны нэгдэл" намын онцлогийг ийн тайлбарлахдаа... 

1. Улс төрд залуусын оролцоог нэмэх. Одоо ихэвчлэн танил талтай, мөнгөтэй байх шаардлагатай байдаг. Тиймээс ямар нэгэн дарга, боссгүйгээр ердөө апп-аар өөрийгөө танилцуулаад бүртгүүлж болох технологийг хөгжүүлж байна. Хэзээ ч, хаанаас ч, хэн ч намд элсэж болно гэсэн үг. 


2. Эмэгтэйчүүдийн оролцоо буюу жендэрийн тэгш байдал. Эмэгтэйчүүдийн оролцоог хангахын тулд доод тал нь 30 хувийн квот бий болгоно.

3. Жирийн гишүүн жилийн татвар төлнө. Харин улс төрийн амбицаар явах хүсэлтэй нь хуримтлал үүсгэж нэг хувийн татварыг төлнө. 

4. Ёс зүйн асуудал. Улс төрийн намын хуулиар нам, төрийн ажил салсан байх ёстой. Тиймээс төрд ажиллах ёс зүйн бэлтгэлийг нам дотроо маш сайн хийхээр төлөвлөж байна. Олон хүний ёс зүйг нэг дор зохицуулах боломжгүй учир үүнд яалт ч үгүй блокчэйн системд суурилсан, оноо өгөх арга барилаар шийдвэрлэх шаардлагатай юм.

5. Мэдээллийн ил тод байдал. Намын маш олон процесс хаалттай байдаг. Дотоод мэдээллийг олж авах гэж нэг ахдаа наалдаж, бүлэг үүсгэдэг байдал түгээмэл. Дунд шатны намд мэдээллийн хаалттай байдлаас үүдэн, мөнгө төлж мэдээлэл өгдөг брокеруудтай болсон байдаг. Тиймээс манай намд мэдээлэл жигд хүртээмжтэй байх болно. Гар утаснаасаа улс төрийн үйл ажиллагаанд орж болно гэсэн үг гэсэн юм.

Мөн цахим хурал, цахим санал асуулга хийх, цахим оролцооны бүх үйл ажиллагааг зохицуулсан бөгөөд "Иргэний оролцоо" аппликэйшнээ долдугаар сард албан ёсоор ашиглалтад оруулах юм байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах