Ц.Цогтбаатар олимпын хүрэл медаль хүртлээ
Токиогийн олимпоос Монголын баг тамирчдын хоёр дахь медалийг мөн жүдо бөхийн төрлөөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдсан Цэнд-Очирын Цогтбаатар хүртлээ.
Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Канадын Артур Маргелидоныг хэдхэн секундын хугацаанд хавирч унагаад дагаж гарт өчих мэхээр ялж, монголчуудынхаа магнайг тэнийлгэлээ.
Ц.Цогтбаатар эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Гвинейн Мамаду Самбаг, дараагийн тойрог Монакогийн Седрик Бессиг ялаад шөвгийн наймд Косовогийн Акил Гжаговыг ялж, улмаар шөвгийн дөрөвт олимпын аварга Шохэй Онотой таарсан юм.
Шохэй Онотой барилдахдаа давуулсан барьцнаас унаж шидэх гэхэд Японы алдарт бөх араар нь алхаж мордоод давсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаан Ц.Цогтбаатар маань хөнгөн, өөртөө итгэлтэй сайхан барилдаж медаль хүртлээ.
Уржигдар эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монголын Улсын гавъяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, Токиогийн олимпын наадмын медалийн салхийг хагалсан билээ.
Р.Гэгээ
Сэтгэгдэл үлдээх