Чиний юу бодохыг би шийднэ
Худлаа ярьдаггүй улс төрч гэж алга. Гагцхүү ор мөргүй дэгс авах, өөрийн талд ашигтай байдлаар гуйвуулах, булзааруулах, хариулахаас зайлсхийх, үнэн мэт дүр эсгэх, бага зэрэг мушгих, болохгүй бол зандарч загнах гэхчлэн хэр хэмжээ, хэлбэр галбирын л ялгаа бий. Бусдаар бүгд ижил. Ширэн нүүрлэн залж орхих нь улстөрчийн ажлын онцлог.
Харин тэр худлыг нийтэд хүргэдэг нь сэтгүүлчид.
Хэдэн жилийн өмнө сэтгүүлч Д.Оюунцэцэг “Худалч нь хэвлэл үү, улс төрчид үү” нийтлэлдээ сэтгүүлчид “улс төрчдийн үнэн худал ярьсныг тэр даруйд нь салгаж ялгахад бэрхтэй” тухай дурдаад, худалчдын золиосонд хэвлэлүүд гайтах вий хэмээн анхааруулж байв. Тэгвэл өнөөдрийг харцгаая. Гайтдагаа гайтаад гайтуулсан тэд маань бидний ажлын талбар дээр танго эргэж байх шив.
Улс төрч бол олон нийтийн санаа бодлыг судлаад, тэдний юу хүсч байгааг ярих дүрэмтэй. Харин сэтгүүлчид бол бодит үнэнийг мэдээлэх мэргэжлийн үүрэгтэй. Ийм эсрэг тэсрэг дүрэм журамтай хоёр тал тулааны талбарт гардаг юм. Дайнд улс төрчид ялсан нь илт. Ялсан баатрууд хойно дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэцгээх нь хэр. Хэвлэлийн тайзан дээр эдүгээ “үнэн бодит”-г хүргэх учиртай сэтгүүлчид биш “үнэн мэт худал ярих” дүрэмтэй улс төрчид реалити шоу тавьж байна.
Гол дүрийн бурхинуудын тоглолт эхлээ ч үгүй байгааг бодолцоорой. Одоохондоо бид үндсэн шоуны өмнө халаалт хийдэг сайн дурынхныг үзэж байна. Гол дүрүүд хөшигний ард нүүр будалтаа хийн тольдож суугаа. Сар шинэ өнгөрүүт тэдний тоглолт эхэлнэ. Хэрэг явдал цэгцэрч, хэн хаана дэвших хийгээд дэвшихгүй асуудлууд тодорхой болмогц жинхэнэ мэргэжлийнхэн тайзан дээр залрамз. Эхлэл, өрнөл тайлал гээд шоу оргилдоо хүрэхийн цагт олон түмний сэтгэл аль хүрч хөвсөлзөхийг би таашгүй.
Иргэн Кэйн гэж 1941 онд бүтээгдсэн Холливуудын алдарт кино бий . Гол дүр болох хэвлэлийн магнат, уул уурхайн компанийн эзэн, АНУ-н Ерөнхийлөгчийн хүргэн, популист улс төрч Кэйн бол хэвлэлүүдийн нүүр хуудсанд залрагч нэгэн билээ. Тэрээр, “хүмүүсийн юу бодохыг би шийднэ. Жишээ нь эзэмшдэг сонинуудаараа дамжуулаад” хэмээн хөөрөлхдөг билээ. Харилцааны онолоор бол тэр олон нийтийн санаа бодолд хэвлэлээр дамжуулан нөлөөлөгч юм. Ямартаа ч ирэх сонгуулиар олон түмний саналыг улс төрчид маань шийдчих санаатай өдөр шөнөгүй төлөвлөгөө боловсруулж буй цаг.
Улс төрчид ялж, сэтгүүлчид ялагдсан тулааныг дэлхий нийтийн шинжтэй гэж барууны нэг профессор дүгнэж. ABC-н Жорж Степанополиус улс төрчидтэй ярилцахдаа баримтын үнэн худлыг нягтлах төхөөрөмж ашигладаг. Иймэрхүү арга технолог хэрэглэх явдал нэмэгдсээр байна. Америкийн үзэгчдийн арван хүн тутмын ес нь баримтыг нягтлах үзэгдлийг дэмжиж байгаа юм. Politifact.com улс төрчдийн хэлсэн үгийг нягтлаад, “үнэн талдаа”, “хагас нь үнэн”, “ихэнх нь худлаа”, “худлаа”, “ор мөргүй худал” хэмээн эрэмбэлж нийтэд хүргэхээр чармайж байна. Трампын хэр худалч болохыг хэмжиж орхидог энэ арга бас муугүй.
Бидний гайтсан тухайд
Сэтгүүл зүй худалч улс төрчдийн балгаар “гайтаж” ирсэн нь хоёр учир шалтгаантай:
Нэгдүгээрт, хараат хэвлэл мэдээлэл давамгайлж байна. Хэвлэл Кэйнүүдийн эзэмшилд байсаар байгаа гэсэн үг.
Хоёрдугаарт, улс төр өөрөө олныг цэнгүүлэх шоу хэлбэр лүү шилжиж буй. Улс орноо хөгжүүлэх хүсэлтнүүд тоймгүй олширсон тул бусдаасаа ялгарах амаргүй болж байна шүү дээ.
Сэтгүүлч Д.Нарантуяа, “хэвлэлүүд бараг бүгд өрсөлдөөнөөр бус улс төр, бизнесийн бүлгийн мөнгөн хангамжаар амьдардаг” гэсэн нь бий. Баримтыг нягталдаг, үнэн бодитой сэтгүүл зүйд орон зай тун бага байгаагийн нотолгоо. Улс төрөөс хараат бус гэгддэг цөөхөн редакцууд нь эдийн засгийн хараат байдлын хүлээсэнд дэн дун яваа.
Гүндалайгийн клипийг гуравхан хоногийн дотор гуран зуун мянган хүн үзжээ. Тэгтэл телевизийн суваг үзэгчдийн нэг өдрийн дундаж хандалт ердөө таван зуу. “Мартагдсан улс төрчийн өөрийгөө сануулах ядарсан арга” хэмээн Гүндалайн клипийг control.mn сайт дүгнэж. Дүгнээд зогссонгүй клипийг нь үзүүлэн олонд хүргэхэд хувь нэмрээ оруулсан байх юм.
Цаашдаа яана гээч. Гүндалайн клип шиг “цэнгүүлэх” хэлбэрийн “зөөлөн” агуулгууд юу ч биш. Залгуулаад ул суурьтай бэлтгэсэн, мэргэжлийн маш чамбай бүтээлүүд шил шилээ даран бэлтгэгдэж байгааг дахин сануулъя. Хичнээн имрээд ч үнэн худлыг нь батлах аргагүйд хүргэдэг шинэ шинэ технологууд тун хурдтай нэвтэрч байна. Уг нь ийм тоглолтууд үзэгч уншигчдыг “хашир” суулгаж, олон эх сурвалжийг харьцуулан тунгаах боломж олгодог сайн талтай. Гэлээ ч бидний хичнээн нь далд, ёж санааг тайлан унших хүртлээ боловсорсон билээ дээ.
Энэ бүх шоуг дамжуулж суугаа сэтгүүлч бүрийг худалдагдчихсан гэвэл худлаа. Зуун хувь хараат редакцид ажиллаж амьдралаа залгуулдаг ч эрх чөлөөт зүрхтэй, хараат бус оршихыг чин зүрхнээсээ мөрөөдөгчид улам олон болж буй нь үнэн шүү.
Худалчуудын их сунгааны өмнө...
Сэтгүүлчид улс төрчдөөс хараат оршдог нь нууц биш. Чухал эх сурвалжтай ойр байх нь ур чадварын хэмжээнд үнэлэгддэг нь энэ салбарын бодит үнэн. Улс төрчид энэ сул талыг маань хэрхэн ашиглах эсвэл бүр шийтгэл болгохоо ч сайн мэднэ. Ихээхэн цор цор хийсэн редакцийн Төрийн ордон орж сурвалжлах эрхийг ямар нэг шалтаг олоод хаачихад л дуусаа. Уг нь тэд ч биднээс хараат. Тоглох тайзыг нь бид л бэлдэж өгдөг шүү дээ.
Ганбаа худлаа ярьж гэж саная. Аль нэг сонин нягтлалгүй нийтэлсэн нь илэрч. Ийм нөхцөлд улс төрчид яадаг гээч. Худалдагдсан сэтгүүл зүйн алдааг олны нүдэн дээр хоолой нийлүүлэн илчлэн буруушаана. Тэгээд ялсан баатрын дүр эсгэн, үнэтэй цувныхаа хормойг хийсгэн алхаж оддог улс.
Худалчуудын их сунгаа ингэсгээд эхэлнэ. Ээлжит сунгаанд сэтгүүлчид бага шиг гайтах жагсаалт гаргавал ямар вэ?
- Үнэнийг нягтлахдаа тэдний өөрсдийнх нь үзүүлэх “баримт” гэхээсээ дотоод учир шалтгааныг нь ухах нь зүйтэй. Саяхан МАХН-н дарга, экс нарийн бичгийн дарга хоёрын мэтгэлцээн хэмээх реалити шоу үргэлжилсэн. Улс төр гэдэг дүрэмгүй тоглолтод оролцоод мэхлэгдэж орхисон нэгний нулимс мэлтгэнэсэн харц мартагдаж амжаагүй л байна. Гүйлгэнэсэн тэр харцууд гээнэдээ ч бий, гоонодоо ч бийн үлгэрийг сануулаагүй гэж үү.
- Сэтгүүлчид өөрсөддөө итгэх цаг болсон. Бидэнд тэд эх сурвалжийнхаа хувьд хэрэгтэй шиг тэдэнд сэтгүүлчид ус агаар шиг хэрэгтэй. Тиймээс сэтгүүлчид үнэн бодитой мэдээлэх үүргийнхээ төлөө өгөө, аваатай байж яагаад болохгүй гэж. Жишээ нь, шууд нэвтрүүлгээр орсон улс төрч маань юу юугүй залаад эхэллээ гэж бодъё. Арга тасран сонсож суухын оронд худлаа яриад эхлүүт нь, асуултаас бултах мөчид нь эсвэл булзааруулах үед нь эргэлзэж буй тайлбараа хийгээд нэвтрүүлгээ зогсоож орхи.
- Сар гаргаад мэдээллийн эх сурвалжууд чинь чухам чухал мэдээллээр сэхээ сэвэггүй чамайг булж эхэлнэ. Аль сэдвийг чухал гэж үзэх нь чиний эрх. Энэ мэдээ хүний амьдралд хэрэг болох уу? Яагаад би үүнийг олон нийтэд хүргэх ёстой гэж хэмээн өөрөөсөө байнга асуугаарай.
- Хараат бус сэтгүүл зүйн амьд домог Жэйк Тэйпэрийн туршлагыг бас санацгаая. Хэн ч алдаж болно. Алдаа гаргасан бол гүрийх хэрэггүй. Хууртаж орхисноо нэрэлхэлгүй хүлээчих.Үзэгч уншигчаасаа уучлал гуй. Тэд бидний чадлаараа хичээж буй зовлонг ойлгоно оо. Хамгийн гол нь, хамтдаа байгаагаа мэдрэх нэр төрийн хэрэг шүү.
Эцэст нь хэнийг дугуйлахаа сонгогч л шийднэ. Тэр сонгогчдод “гадартай” биш “дотортой” жүжигчдийг танилцуулахсан.
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]
Сэтгэгдэл үлдээх