Цэс Close

Ч.Ичинхорлоо: Цус бүрэлдсэн өвчний үед бэлхүүс давсагнаас доош шархирч өвдөхөөс гадна, ар бие болон өрцөөр хатгуулж өвддөг

Манба Дацан эмнэлгийн их эмч Ч.Ичинхорлоотой эмэгтэйчүүдийн өвчний талаар ярилцлаа.

-Уламжлалт анагаах ухаанд эмэгтэйчүүдийн өвчинг хэрхэн авч үздэг вэ?

-УАУ-д эмэгтэйчүүдийн өвчинг умайн 5, умайн бэтэг 9, умайн хорхойн 2, судлын 16 өвчин гэж нийтдээ 32 ангилах бөгөөд жирэмсэн эмэгтэйн 8 өвчинг авч үзээд нийтдээ 40 төрлийн өвчин бий гэж үздэг. Эдгээрээс судлын өвчинд хамаарагдах цус бүрэлдсэн өвчин, хий бүрэлдсэн өвчин эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа бөгөөд манай Манба Дацан эмнэлэгт эдгээр өвчтэй хүмүүс их хандаж байна. Гэхдээ тэд толгой өвдлөө, зүрх өвдлөө гэж ирдэгээс биш өвчний онош нь цус бүрэлдсэн, хий бүрэлдсэн өвчин гэдгийг мэддэггүй. Тиймээс нэлээд хүндэрсэн шатандаа ирж эмчлүүлэх нь бий.

-Эдгээр эмэгтэйчүүдийн өвчин нь ямар шалтгаанаар үүсдэг вэ?

-Эмэгтэйчүүдийн өвчин нь идэж байгаа хоол хүнс, урьдын үйлийн үр, бэлгийн үйлийг илүүдүүлэх, дутуудуулах зэр-гээс гадна гурван гэм, адын нөхцөлөөр ч үүсдэг. Дээрээс нь эмэгтэйчүүд төрсөний дараа гам бариагүйгээс гадна бага наснаасаа даарч гам алддаг нь эмэгтэйчүүдийн өвчнөөр өвдөх хамгийн гол шалтгаан болж байна. Охид улиралдаа зохицуулж хувцаслаагүйгээс даарч хөрч, улмаар яс үесээр нь янгинаж эхэлсэн ч тоодоггүй. Ингэж явсаар төрсөний дараа өвчин нь улам хүндэрч, илт зовиурлаж эхлэх үед “төрсөнөөс хойш бие маань өвддөг боллоо” гээд эмнэлэгт ханддаг. Ганц ч төрөөгүй өсвөр насны охид хүртэл цус бүрэлдсэн, хий бүрэлдсэн өвчний шинж тэмдэг илрээд манай эмнэлэгт хандаж байна. Тиймээс эмэгтэйчүүд, тэр дундаа охид маань улиралдаа тохируулан хувцаслаж, явдал мөрөө анхаарах хэрэгтэй гэдгийг онцгойлон хэлье.

-Цус бүрэлдсэн, хий бүрэлдсэн өвчний шинж тэмдэгийг хэлж өгөхгүй юу. Ямар шинж тэмдэг илэрвэл эмчид хандах ёстой вэ?

-Цус бүрэлдсэн өвчний үед бэлхүүс давсагнаас доош шархирч өвдөхөөс гадна хэвлийн доод хэсгээр халуу оргиж, ар бие болон өрцөөр хатгуулж өвддөг. Сарын тэмдэг их ирэх бөгөөд бүлэнтэй гарах нь энэ өвчний гол шинж тэмдэг. Мөн цагаан юм их гардаг. Харин хий бүрэлдсэн өвчний үед ясаар шархирч, зүрх дэлсч, толгой эргэн, нүд бүрэлзэхээс гадна толгой, шилбэ, шагайны ясаар хүйт оргиж сэнгэнэн, хавагнадаг.

Хий бүрэлдсэн өвчний үед сэтгэл санаа тогтворгүй болж, хүндэрсэн тохиолдолд солирох, ухаан балартах хүртэл эрсдэлд орж болдог. Маш их мартамхай болж, сарын тэмдэг мөчлөгөөсөө их ирэх шинж тэмдгүүд гарна. Ер нь эмэгтэйчүүд сарын тэмдгийн мөчлөг алдагдах, хэмжээнээсээ их ирэх, эсвэл бага ирэх тохиолдлыг тоохгүй өнгөрдөг нь буруу юм. Тиймээс эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандан, зохих эмчилгээг хийлгэвэл гарч болох эрсэдлээс сэргийлж чадна.

-Ер нь төрсөний дараа гам алдсанаас шалтгаалж ямар хүндрэл үүсэх вэ?

-Хий бүрэлдсэн өвчин нь эмэгтэйчүүдийн гам алдсантай холбоотойгоор зонхилон тохиолдоно. Савны халуун төрсний дараа хэт их хөөрөх, эсвэл сэтгэлзүйд өөрчлөлт орж нялхардаг учраас ямарваа нэгэн зүйлийг цочмог хүлээж авсанаас сорогзон хий буюу амь баригч хий хямардаг. Ингэснээр их мартамхай болдог. Төрсөний дараах хямралаас шалгаалж ухаан балартах, солиорох аюултай. Тиймээс сэтгэл санаагаа аль болох тайван байлгаж, бодлоо цэгцлэх хэрэгтэй. Үр хөндөлтийн дараа гам сайн бариагүйгээс мөн цус бүрэлдсэн, хий бүрэлдсэн өвчин үүсдэг. Хүний амийг нэгэнт тээсэн бол үр хөндөхөөс аль болох татгалзаж, үгүй юмаа гэхэд тэр хүүхдийн араас буян хийх хэрэгтэй.

-Гам алдсан эсэхийг яаж мэдэх вэ. Манай эмэгтэйчүүд “Төрсөний дараа гам алдсан бололтой, үе мөч янгинадаг боллоо” гэж ярьдаг шүү дээ?

-Төрсөний дараа гам алдсан тохиолдолд яс үесээр янгинаж, хэвлий дүүрч цанхайдаг. Ер нь төрсөний дараа өөрийгөө маш сайн анхаарч, сэтгэл санаагаа тайван байлгаж, өмсөх зүүх, идэж уухаа хүртэл анхаарах хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчин, цус бүрэлдсэн өвчний үед хүмүүс толгой, зүрх өвдлөө гээд ирдэг. Учир нь эдгээр өвчин нь бусад эрхтэндээ бас нөлөөлдөг юм. Тухайлбал, хий бүрэлдсэн өвчин нь толгой, яс, зүрх, бөөр, ходоод, гэдсэнд нөлөөлдөг.

Тиймээс толгой эргэх, нүдэнд цагаа унах, ясаар шархирч өвдөх, шагай, шилбээр хүйт оргидог. Энэ бол яах аргагүй эмэгтэйчүүдийн өвчинтэй холбоотой. Хий бүрэлдсэн өвчин зүрхэнд нөлөөлвөл дуршилгүй болно, толгой эргэж, ухаан балартдаг. Бөөрөнд нөлөөлвөл бэлхүүс, үесээр хэсэгчилж өвдөнө, бэлхүүснээс доош унжиж өвдөнө, ходоодонд нөлөөлвөл хэвлий дүүрч цанхайна, үе үе хатгаж өвдөнө. Хоол унд шингэхгүй, сэрүүн хоол хүнс идмээр санагдана, ингээд сэрүүн чанартай юм идчихээр хаван үүсдэг. Гэдсэнд нөлөөлвөл хэвлийн доод хэсгээр тулчихаад хий гарч өгдөггүй, сарын тэмдэг мөчлөггүйгээр ирдэг.

Цус бүрэлдсэн өвчин нь мөн л зүрх, уушги, элэг, дэлүү, цөс, бөөр, хөхөнд нөлөөлөх бөгөөд зүрхэнд нөлөөлвөл цээжээр хатгуулж, хэвлийн доод хэсгээр халуу оргиж, шархирч өвддөг. Уушгинд нөлөөлвөл шилэн хүзүү хөшинө, үе мөч бадайрна, нүүр хавагнана, элгэнд нөлөөлвөл нүд улайж, шарлана, дэлүүнд нөлөөлвөл хэвлийн доод хэсгээр өвдөж хатгуулна, ходоод хоржигноно, цөсөнд нөлөөлвөл их ядардаг, ам цангадаг, бөөрөнд нөлөөлвөл бэлгэ эрхтэний завсараар загатнана, халуу оргино, хөхөнд нөлөөлвөл хөх хавдаж зовиурладаг. Тэгэхээр эмэгтэйчүүдийн өвчин нь бусад эрхтэндээ нөлөөлдөг болохыг сайн анхаарч, эдгээр шинж тэмдэг илэрсэн бол эмчид хандаж, эмчлүүлэх нь зүйтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин 2017 он №04 (32)

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах