Шадар сайд Говьсүмбэр аймгийн Онцгой комисс, ОБГ-т ажиллалаа

Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан Говьсүмбэр аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газарт ажиллалаа. Ган, зуд, гамшиг ослын хамгийн хүнд нөхцөлд ажилладаг онцгой байдлын салбарын алба хаагчдын цалин сүүлийн 4 жилд үе шаттайгаар нэмэгдсэн байна. Түүнчлэн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах бодлого баримталж, орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ.
Говьсүмбэр аймгийн шуурхай штаб, өвөлжилтийн талаар танилцуулаа. Өнөөдрийн байдлаар Говьсүмбэр аймгийн
- өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 540 хувь
- Сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 89.5 хувь
- Малчдын түвшинд өвс тэжээлийн бэлтгэл 80.7 хувьтай байна.
Отрын бүс нутагт гурван аймгийн 147.0 мянгантолгой мал өвөлжих бөгөөд гадны аймаг, сумын малчин өрх байхгүй байгааг аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга онцолж байлаа. Цас, хур тундас ихтэй үед малчид иргэдэд хүрч ажиллахад орон нутагт туулах чадвар сайтай автомашины хэрэгцээ өндөр байдаг. Тэгвэл Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Говьсүмбэр аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газарт шаардлагтай байгаа туулах чадвар сайтай автомашиныг шийдвэрлэжээ.
Говьсүмбэр аймгийн онцгой байдлын газар 2024 онд 56 удаагийн гамшиг ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 180 иргэний амь насыг аварч, аж ахуйн нэгж байгууллагын 689 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Сүүлийн жилүүдэд онцгой байдлын салбарын техник хангамж нэмэгдсэн тухай албаныхан хэлж байна. Түүнчлэн албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахын тулд орон нутагт газар олгож, орон сууц барихаар төлөвлөн ажиллаж байгааг албаныхан онцоллоо.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны“Салбар нэгжийг шинэчлэн батлах тухай” тогтоолд Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийг 2 дугаар зэрэглэлээр баталсан. Өнөөдрийн байдлаар Говьсүмбэр аймгийн ОБ-ын анги 4 дүгээр зэрэглэлийн орон тоогоор ажиллаж байна. Тиймээс уулзалтын үед бүтэц орон тоог стандартын дагуу нөхөн шийдвэрлэх, Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах бүлгийг Эрэн хайх, аврах салбар болгох хүсэлтийг Говьсүмбэр аймгийн ОБГ-ын албаныхан хэлж байлаа.
Говьсүмбэр аймгийн онцгой байдлын газрын техник тоног төхөөрөмж, сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Гэсэн ч цаашид эрэн хайх аврах дулаан мэдрэгчтэй дрон, тусгай зориулалтын аврах ажиллагааны техник тоног төхөөрөмж шаардлагатай байгааг Говьсүмбэр аймгийн онцгой байдлын алба хаагчид хэлж байлаа. Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан шаардлагатай тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шийдвэрлэх үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө.
Сэтгэгдэл үлдээх