Засгийн газраас "Шүгэл үлээгч"-ийг 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгөөр урамшуулахаар төлөвлөжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 03-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өс хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс уг анхдагч хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл нь 5 бүлэг, 22 зүйлтэй бөгөөд нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг тус тус боловсруулжээ.
эх сурвалж: zasag.mn
Сэтгэгдэл үлдээх