Цэс Close

ЭМГЭНЭЛ

АДЪЯАГИЙН ЭНХЖАРГАЛ /1968-2025/

“МИАТ” ТӨХК-ийн Б767/757 агаарын хөлгийн дарга

Бидний дотны нөхөр, итгэлт хамтрагч, айл гэрийн сайн хань, халамжит аав, өвөө Адъяагийн Энхжаргал нь 2025 оны 05-р сарын 24-ний өдөр зуурдаар таалал төгсөж, гэр бүл, найз нөхөд, хамт олон бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

А.Энхжаргал нь Өвөрхангай аймгийн 2-р 10 жилийг 1976-1986 онд суралцан төгсөж, 1986-1990 онд ЗСБНХУ-ын Сасoво хотын Нисэхийн дунд сургууль, 1994-1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын нисэхийн академийг Инженер-нисгэгч мэргэжлээр төгсөн хөдөлмөрийн гараагаа “МИАТ” ТӨХК-иас эхэлж, 1990-1997 онд АН-2 онгоцны хамтран нисгэгч, 1998-2004 онд АН-24 онгоцны хамтран нисгэгч, 2005-2010 онд А310 агаарын хөлгийн хамтран нисгэгч, 2011-2016 онд Б737-800, Б767-300 агаарын хөлгийн хамтран нисгэгч, 2017 оноос Б767/757 агаарын хөлгийн даргаар үр бүтээлтэй ажиллаж байлаа.

Мөн 2006-2008 онд нислэг-үйлдвэрлэлийн амин чухал нэгж болох Сургалт, төлөвлөлт, дадлагын хэлтсийн даргаар ажиллаж нисэх бүрэлдэхүүнийг сурган бэхжүүлэх, давтан сургах бодлогыг хэрэгжүүлэн амжилттай удирдан зохион байгуулж ажиллаж байсны зэрэгцээ Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилд идэвхтэй оролцон компанийн Нисгэгчдийн эрх ашгийг хамгаалах Үйлдвэрчний эвлэлийн хороог үүсгэн байгуулж, үр бүтээлтэйгээр удирдаж ирсэн.

Тэрээр Иргэний агаарын тээврийн салбарт 35 жил ажиллахдаа нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг ханган агаарт нийт 16,140 цаг нисэж, үүнээс агаарын хөлгийн даргаар 5,770 цаг ямар нэгэн зөрчил дутагдалгүй нисэж зорчигч, олон түмэндээ үйлчилжээ.

А.Энхжаргал нь Иргэний агаарын тээврийн Тэргүүний ажилтан, Зам, тээврийн яамны “Хүндэт жуух” бичиг, Монголын нисэх хүчний 90 жилийн ойн медаль, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” зэрэг төр, засгийн одон медалиуд болон компанийн шагналуудаар удаа дараа шагнагдаж байлаа.

Түүнчлэн хамт олноо зөв удирдан зохион байгуулж, нисгэгч нарынхаа ажлын ур чадварыг дээшлүүлэх, орчин үеийн өндөр технологитой онгоцыг чадамгай ашиглах, удирдах ажлын арга барил, өөрийн хариуцсан үүрэгт ажлаа цаг тухайд нь чанартай сайн гүйцэтгэн хамт олноо хошуучлан ажилладаг манай тэргүүний шилдэг ажилтнуудын нэг байсан. Түүний тууштай, хариуцлагатай, нөхөрсөг, түшигтэй, удирдан манлайлах чадвартай, халамжтай, халуун дулаан зан чанар бид бүхний зүрх сэтгэлд үүрд сайн сайхнаар дурсагдан үлдэх болно.

Бурхан болоочийн аав, ээж, хань, үр хүүхэд, ач зээ, төрөл садан, гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүн бүрт гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

“МИАТ” ТӨХК-ИЙН НИЙТ ХАМТ ОЛНООС

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах