Цэс Close

Энэтхэгт осолдсон онгоцны ослоор 241 гаруй хүн амь үрэгдэж, 1 хүн амьд гарчээ

Энэтхэгийн иргэний агаарын “Air India” компанийн иргэний зорчигч тээврийн Ахмедабад-Лондон чиглэлэлийн нислэг үйлдэж байсан AI171 дугаартай онгоц хөөрсөн даруйдаа осолдсоны улмаас онгоцонд зорчиж явсан 240 гаруй хүн амь үрэгджээ. Онгоц орон нутгийн цагаар пүрэв гаргийн 13:38 цагт хөөрч, хөөрснөөс 5 минут орчмын дараа осолдсон бөгөөд тухайн үед онгоцны нисгэгчид удирдлагын төвд яаралтай дуудлага өгсөн байна. Онгоц хөөрөнгүүтээ өндрөө алдан унаж, дараа нь дэлбэрч байгаа нь хяналтын камерт бичигджээ.

Онгоцонд хөлгийн багийн 12 гишүүн болон 230 зорчигч байсан бөгөөд ослын улмаас  241 хүн амиа алдаж, 1 хүн амьд үлджээ. Тухайн амьд үлдсэн иргэн нь Их Британи улсын иргэн Вишвашкумар Рамеш гэгч байсан бөгөөд одоогоор түүнд шаардлагатай эмнэлэгийн тусламж үзүүлж байгаа талаар  “Air India” компаниас мэдээлсэн байна.

Энэтхэгийн эрх баригчид уг ослын шалтгааныг олж тогтоохоор мөрдөн шалгах ажлыг эхлүүлжээ. Тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди хохирогчдын ар гэрт эмгэнэл илэрхийлж, эл ослыг “зүрх шимширмээр” харамсалтай үйл явдал боллоо гээд, холбогдох албаныхантай холбоотой байгаагаа мэдэгджээ.

Сонирхуулахад, тус ослоос өмнө хамгийн сүүлд Энэтхэг улсад 2020 онд “Air India” компанийн “Boeing-737” загварын онгоц осолдсоны улмаас 21 хүн амь үрэгдэж байжээ. Харин Энэтхэгийн түүхэн дэх хамгийн олон хүн амь үрэгдсэн онгоцны осол 1996 оны арваннэгдүгээр сард Харяна мужид болж байсан байна. Улмаар Саудын Араб болон Казахстаны иргэний агаарын тээврийн хоёр онгоц агаарт мөргөлдсөн тухайн ослоор хоёр онгоцонд зорчиж явсан 349 хүн бүгд амиа алдсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах