Энэ өвлийн цонхоор Премьер лигт хийгдэж болзошгүй наймаанууд
Европ даяар хөлбөмбөгийн цонх нээгдэж, клубүүд улирлын сүүлчийн хэсгийн өмнө хүчээ сэлбэх боломж гараад байна. Английн Премьер лигт энэ өвлийн цонхоор хийгдэж болзошгүй наймаануудын талаар товч дурьдая.
Деле Алли
Жозе Моуриньо “Тоттенхэм”-ийн ахлах дасгалжуулагчаар томилогдож ирсэнийхээ дараахан Деле Аллиг ихэд магтан сайшааж, өнөөх нь ч гялалзаж, хэд хэдэн тоглолтод гоол оруулсан. “Пол Гаскойноос хойш Английн хөлбөмбөгт ийм авъяастай хөлбөмбөгч гарч ирээгүй” гэж Сэр Алекс Фергюсон хэлсэн тухай Моуриньо онцлон дурьдаж байлаа. Гэвч нэг их удалгүй Деле Аллигийн өнөөх од хийморь яг л Маурисио Почеттиногийн явах үеийнх шиг бөхөж, бүр сүүлдээ талбайдаа гарахаа болиод байгаа. Нэгэн ази эрийг коронавирус болгон олон нийтийн сүлжээгээр наргиа хийсэнд олонд нийт дургүйцсэн нь ч сэтгэлзүйд нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч Моуриньо түүнд итгэхээ больсон нь илт.
“Сток Сити”-тэй хийсэн тоглолтын 66 дахь минутад сэлгээгээр суулгаж, Деле Алли суухдаа ундууцсан нь тэр хоёрын харилцаа маш “хүйтэрсэн”-ийг илтгэсэн. “Хагас хамгаалагч хүн өрсөлдөгчдөө аюул тарих ёстойгоос биш багтаа асуудал үүсгэх учиргүй” гэж тухайн тоглолтын дараагаар Моуриньо хэвлэлээр ил цагаан хэлсэн. Ийнхүү Деле Аллигийн замыг заачихсан байж магадгүй юм. Деле Аллиг авч магадгүй багуудын эхний эгнээнд Францын “Парис Сен-Жермейн” нэрлэгдэж байна. Энэ багт “Тоттенхэм”-ийг удирдаж байсан Деле Аллиг сайн мэддэг Маурисио Почеттино очсон билээ. Худалдаж авдаггүй юм гэхэд зээллэгээр авах ч магадлал байна.
Кристиан Эриксен
“Тэнд байснаас энд байх нь цомд илүү ойр” гэх алдартай үгээ Кристиан Эриксен Италийн “Интер”-т очоод хэлсэн. Энэ нь Английн “Тоттенхэм”-ийг цом гарддаггүй гэж егөөдсөн хэрэг байлаа. Гэтэл өчигдөр “Тоттенхэм” Лигийн цомын шөвгийн дөрөвт “Брэнтфорд”-ыг 2:0-ээр хожсоноор финалд шалгарч, цомд ойрхон очоод байна.
Харин Кристиан Эриксений хувьд “Интер”-т очсоноор өөрөө хөлбөмбөгчийн хувьд талбайд гарах боломжоосоо холдсон юм. Антонио Конте түүнийг маш цөөн удаа талбайд гаргана. Сүүлдээ бүр “Манай багт хэрэггүй” гээд “Интер”-ийн удирдлага Беппе Маротта ил зарлаж, Антонио Конте ч дэмжлээ. Ингэснээр 11 сарын өмнө “Тоттенхэм”-ийн гэрээнээс эрс татгалзаж, 17 сая еврогоор Милан хотын багт очсон дани хагас хамгаалагч очих газар хайж сууна.
Италид очоод 373 минут л талбайд гарч нэг ч гоол оруулаагүй нь “Тоттенхэм”-д найман жил тоглохдоо 69 гоол оруулж, 89 гоолын дамжуулалт өгсөн Кристиан Эриксенийг чадвараа алдсан гэж нотлох баримт биш ч гэлээ багууд түүнд санал тавихаас жийрхэх нэг шалтгаан нь цалин юм. Жилдээ 9 сая орчим еврогийн цалинтай хагас хамгаалагчийг авч чадах баг цөөхөн. Тэгээд үр ашиг өгөх эсэх нь тодорхойгүй бол бүр ч ховор. Гэхдээ аанай л “Тоттенхэм”-д хамтаа ажиллаж дассан Маурисио Почеттино түүнийг Парис руу дуудаж магадгүй гэнэ. Леандро Паредесийг Эриксенээр шууд тулах тухай яриа гараад амжсан. Гэтэл “Тоттенхэм”-д буцаан зээлүүлэх, мөн Премьер лигийн өөр аль нэг багт ч очих боломж байгаа тухай дурьдах болжээ.
Диего Коста
“Намайг байхгүйд гоол оруулахгүй байснаа эдгээд ирмэгц маань дубль хийж байгаа биз, хөгийн амьтан” гэж Диего Коста тоглоом шоглоомын дундуур Луис Суарест хандан хэвлэлээр үг хаясан. Удсан ч үгүй “Атлетико Мадрид”-тай гэрээгээ цуцалж чадлаа. Суарес Диего Коста хоёрын хэн нэг нь л үзүүрийн довтлогчоор гарах болохоор өөрийн тавилантайгаа эвлэрч, өөр багт очьё гэсэн нь Диего Костагийн зөв ч биз.
Тэр бол “Челси”-д тоглохдоо өөрийгөө Премьер лигт сайн тоглож чадахаа харуулсан, чанартай бараа. Хятад, Бразил, Саудын Арабаас түүнд санал тавиад байгаа ч өөрийнх нь хүсэл бол Премьер лигийн аль нэг дөнгүүр багт тоглох гэнэ. Харин Испанид бол үлдэж тоглох бараг боломжгүй. “Атлетико Мадрид” түүнтэй гэрээ хийхдээ Испаниас Аваргуудын лигт оролцох багт очвол 15 сая еврогийн төлбөр авна гээд заачихсан юм билээ. Диего Костаг Премьер лигийн “Вулвэрхэмптон”, “Вест Хэм”-тэй нэр холбох нь элбэг байна.
Ренато Санчес
2016 онд Golden Boy шагнал хүртсэн португал хагас хамгаалагч Ренато Санчесийн хөлбөмбөгчийн замнал арай ч балархайтчихаагүй байна. Францын “Лилль”-д очсоноор тэрбээр чөлөөтэй, сайн тоглож эхэлсэн нь Английн “Ливерпүүл”-ийн анхаарлыг татсан юм. Ливерпүүлийн багийн хувьд Жоржиньо Вэйналдум явах, үлдэх нь тодорхойгүй нөхцөл байдалд байгаа тул явбал Ренато Санчесаар нөхчихье гэсэн бодол байсныг үгүйсгэх аргагүй. Хэрвээ Ренато Санчес бүтэхгүй бол “Брайтон”-ы Ив Биссума ч бас сонгож болох бараа.
Жош Дасилва
“Арсенал”-ын академиас төрөн гарсан 22 настай довтлох чиглэлийн хагас хамгаалагч Жош Дасилва Премьер лигийн олон багийн овоо хараанд оржээ. Тэрбээр Лигийн цомын шөвгийн наймд “Брэнфорд”-ыг ялалт байгуулахад хожлын гоол оруулж гангарсан. Харин өчигдөр шөвгийн дөрөвт "Тоттенхэм"-д 2:0-ээр хожигдоход улаан хуудас авч нугдайлаа. Түүнийг “Вест Хэм” авахаар ихэд сонирхож байгаа юм. Гэхдээ “Брэнтфорд” гол тоглогчоо тийм хямдхан ч зарахгүй л болов уу.
Педро Гонсалвеш
Португалын 22 настай төвийн хагас хамгаалагч Педро Гонсалвеш Английн португал баг “Вулвэрхэмптон”-д хоёр жилийг өнгөрүүлсэн ч гавьсангүй. Гэтэл тэндээс хөндийрч, Португалынхаа дунджийн дундаж баг “Фамаликан”-д очсон даруйдаа гялалзлаа. Тэгмэгц нь “Спортинг Лиссабон” тэр даруй 7 сая евро төлөөд авчихлаа. Одоо энэ залуу лигтээ 10 гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг манлайлж явна. Есөн тоглолтод 10 гоол гэдэг муугүй биз! Тиймээс ч Бруно Фернандештай харьцуулан ярих болжээ. Гэвч Премьер лигийн багууд түүнийг авья гэвэл 53 сая паунд гаргах ёстой. Гэрээнд нь босго үнийг ингээд заачихсан юм байна.
Давид Алаба
Мөнгөтэй болоод амжилтад дуртай баг бол авдаг л тоглогч. Австри хамгаалагч Алаба одоо 28 настай. Энэ удаагийн гэрээ гэдэг бол түүний хөлбөмбөгчийн хувьд гялалзах мөн их мөнгө хийх сүүлчийн боломж байх магадлал өндөр. 28-тай тоглогч таван жилээр гэрээ хийхэд л замнал нь бараг өндөрлөчихнө гэдэг нь ойлгомжтой. Тиймээс Алаба энэ удаа гэрээгээ хийхдээ цалин мөн амжилт харж байгаа биз ээ. Сонирхож буй баг олон. “Барселона”, “Реал Мадрид”, “Манчестер Юнайтед”, “Челси”, “Парис Сен-Жермейн”, “Ливерпүүл” гээд. Өөрөө бол “Реал Мадрид” руу хандаж зүрх нь цохилоод байгаа ч цалин дээрээ тохироход асуудалтай байгаа гэнэ. Магадгүй хамгаалагчийн асуудалтай дээр дурьдсан Английн гурван баг үнэгүй ирэх тоглогчийг хүссэн цалинг нь өгөөд авчих боломж бүрэн байна.
Патсон Дака
Эрлинг Холанд “Ред Булл Зальцбург”-аас Дортмунд руу явлаа гээд баг нь баларчихсангүй. Балрахгүй байх үүргийг хүлээсэн Патсон Дака гэх 22 настай замби довтлогч 15 гоол оруулж, багаа дахиад аварга болгоход чухал үүрэг гүйцэтгэлээ. Одоо түүний төлөө Премьер лигийн клубүүд хөөцөлдөж байна. “Арсенал”, “Тоттенхэм”, “Манчестер Сити” энэ уралдаанд өрсөлдөж буй юм. Эммануэль Маюкигээс хойш Премьер лигт тоглосон удаахь замби хөлбөмбөгч нь Патсон Дака болох магадлал өндөр болжээ.
Р.Гэгээ
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]
Сэтгэгдэл үлдээх