Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч зарласан онц байдлын дэглэмээ дөрвөн цагийн дараа цуцаллаа
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сүк Ёл өчигдөр орой 23:00 цагт “төрийн эсрэг хүчнийг устгах” зорилгор "ОНЦ БАЙДАЛ" зарлаж байна хэмээн мэдэгдэж солонгосчуудыг төдийгүй дэлхий нийтийг цочроосон. Түүнийг ийнхүү мэдэгдэл хийснээс хойш хагас цагийн дараа эрх баригч болон сөрөг хүчний намын хууль тогтоогчид яаралтай хуралдаж, ерөнхийлөгчийн зарласан онц байдлын дэглэм тогтоох шийдвэрт 100 хувийн саналаар хориг тавьжээ.
Ийнхүү Солонгосын Ерөнхийлөгч Юн Сүк Ёлын гаргасан "Онц байдал зарлах тухай шийдвэр"-ийг хүчингүй болгохыг БНСУ-ын Үндэсний Ассамблей дэмжсэний дараа өнөө өглөө үүрээр онц байдлын дэглэмийг цуцалж байгаагаа мэдэгдлээ.
Зөвхөн улс төрд ч бус олон нийт түүний энэхүү гэнэтийн шийдвэрийг эсэргүүцэн парламентын ордны гадаа уг шийдвэрийг эсэргүүцсэн олон мянган иргэд цугларч Ерөнхийлөгч Юн Сүк Ёлын шийдвэрийг “цэргийн эргэлт”-тэй адилхан хэмээн буруутгаж байсан юм. Улмаар дөрвөн цаг үргэлжилсэн онц байдлыг цуцалсан учир "Онц байдлын дэглэмийг хэрэгжүүлэхээр дайчлагдсан цэргүүд бааз руугаа буцаж, байдал хэвийн болсон" гэж штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдэгджээ.
Онц байдал цуцлагдсаны дараа сөрөг хүчний бүлгийн гишүүд Юн Сүк Ёлыг шүүмжилж, зарим нь Ерөнхийлөгчид хариуцлага тооцох санал гаргахаа мэдэгдсэн баөгөөд Солонгосыг Сэргээн босгох намын бүлгийн дарга Хван Ун Ха хэлэхдээ, онц байдал зарлаж, цэргийн алба хаагчдыг дайчилсныг зэмлэн буруушаагаад импичмент зарлах саналыг дэмжих бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Ц.КАстро
Сэтгэгдэл үлдээх